Хүн биеийнхээ хэрэглээнээс илүү их ус алдвал шингэн алдалт буюу обезвоживание тохиолдож, эрүүл мэндэд ноцтой асуудал дагуулж болно.
Ус бол амьдралын үндсэн хэрэгцээ. Ихэнх улс оронд эмэгтэйчүүд өдөрт дунджаар 2 литр, эрэгтэйчүүд 2.5 литр ус уухыг зөвлөдөг. Гэхдээ эрдэмтдийн хэлснээр бодит хэрэгцээ нь уур амьсгал, биеийн идэвх, өвчний байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Ливерпулийн Жон Мурсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, өдөр тутмын шингэний хэрэгцээг хангаагүй хүмүүс стрессийн үед кортизолын түвшин өндөр гарчээ. Кортизол тогтмол өндөр байх нь дараах эрсдэлүүдтэй холбоотой:
- цусны даралт ихсэх
- зүрх судасны өвчин
- чихрийн шижин II төрөл
- таргалалт
- сэтгэл гутрал ба түгшүүр
Профессор Нил Уолшийн хэлснээр: “Өдөр бүр шингэнээ хангалттай хэмжээнд авч чадахгүй хүмүүсийн усны түвшин мэдэгдэхүйц доогуур байдаг нь тодорхой”.
Их Британид эмч нар насанд хүрэгчдэд өдөрт дунджаар 6–8 аяга (1.5–2 литр) шингэн уухыг зөвлөдөг. Гэвч дараах тохиолдолд илүү их ус хэрэгтэй байж болно:
- халуун цаг агаарт
- идэвхтэй хөдөлгөөн хийх үед
- өвчнөөс эдгэж байгаа үед
- жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд
2023 онд Британийн Зүрхний Сангийн хийсэн дүн шинжилгээгээр хөдөлмөрийн насны хүмүүсийн дундах зүрх судасны өвчний нас баралт 2019 оноос хойш 18%-иар өссөн нь тогтоогджээ. Энэ нь шингэний тэнцвэр, зүрхний эрүүл мэндийн холбоог дахин онцолж байна.