УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шийдвэр гаргасан ч хугацаанаасаа өмнө сулласан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар хугацаанаасаа 14 хоногийн өмнө суллах болсон шалтгаан юу вэ, хамт хоригдсон Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар хамт суллагдсан уу, прокурор дахин гомдол гаргах уу гэх асуултууд гарсан юм.
Уг хэргийг хэлэлцсэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад “Энэ оны наймдугаар сарын 07-ны өдөр Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хүсэлтийг хүлээн авч 08-ны өдөр Б.Батаа шүүгчийн шийдвэрээр суллагдсан. Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд “Ц.Санжаачойпэлийн биед хөнгөн хохирол учирсан, эмнэлгийн тусламж авах шаардлагатай” байгаа тухай мөн дурдсан байсан. Одоогоор түүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр буй” хэмээсэн юм.
Иймээс Прокурорын байгууллагаас бусдын биед гэмтэл учруулж 30 хоногийн баривчилгаа авсан ч хугацаанаасаа өмнө суллагдсан Ц.Санжаачойпэлийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлын шүүх хурал удахгүй болох аж.
Харин Ц.Санжаачойпэлтэй хамт 30 хоногийн баривчилгаа авсан Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдаагүй, цагдан хоригдсон хэвээр байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгч байсан юм.