2025 оны 7 дугаар сарын 10-наас 17-ны хооронд болсон Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон түүний салбар эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгуудаар нийт 4093 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 1579 нь 0-18 насны хүүхэд, 2514 нь насанд хүрэгсэд байжээ.
Яаралтай тусламж авсан тохиолдлуудын дэлгэрэнгүй:
- Зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн эмнэлэгт хандсан
- Насанд хүрэгсэд: 364
- 0–18 насны хүүхэд: 304
- Мориноос унаж гэмтсэн тохиолдол: нийт 111
- 0–9 насны хүүхэд: 12
- 10–18 насны хүүхэд: 48
- Уралдааны морьтой холбоотой осолдсон хүүхэд: 8
- Ахуйн ослоос шалтгаалан яаралтай тусламж авсан хүн: 1307
- Үүнээс хүүхэд: 530
Мөн долдугаар сарын 16-ны өдөр болсон “Торгоны зам” (Silk Way Rally – SWR) авто раллигийн үеэр гэмтэл авсан нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчран тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Эдгээр тоон мэдээллээс харахад баярын амралтын өдрүүдэд хүүхдүүд хамгийн их эрсдэлд өртсөн бүлэг байсныг онцлон анхаарах шаардлагатай юм.