ОХУ-ын Тверь хотод зохион байгуулагдсан Сергей Яковлевич Лемешевийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуучдын IV уралдаанд монгол уран бүтээлчид амжилттай оролцож, гуравдугаар байрын эзэд болжээ.
Энэхүү уралдаан нь ОХУ-ын Соёлын яамны ивээл дор, Тверь мужийн захиргаа болон ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамны хамтран зохион байгуулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа болж өндөрлөлөө.
Уралдааны гала тоглолт Тверийн Улсын эрдмийн филармонийн тайзнаа өрнөсөн бөгөөд монголын хоёр чадварлаг дуучин өндөр амжилт үзүүлэв. Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академийн сонгодог дуурийн урлагийн магистрантурын төгсөгч, баритон Б.Доржнамжин тус уралдааны финалд шалгарч, диплом авсан бол Казахстаны Астана хотын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж буй баритон Х.Мөнхтүвшин гуравдугаар байрт шалгарсан байна.
Энэ удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол, Казахстан, Беларусь, Армени, Узбекистан болон Абхаз зэрэг орнуудын шилдэг залуу дуучид оролцож, гурван шатны турш сонгодог хөгжмийн бүтээлүүдийг амьд гүйцэтгэлээр толилуулан өрсөлджээ.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Германы “Accademia Granforte”-ийн уран сайхны удирдаач, профессор Эльхан Агакулиев, Сербийн алдарт баритон, Белградад үйл ажиллагаа явуулдаг “Мадленианум” театрын захирал, профессор Никола Мияилович, мөн Швейцарын “Тайзны урлагийн удирдлага”-ын захирал Виктор Бокма зэрэг олон улсын нэр хүндтэй уран сайханчид багтсан байна.