Өнгөрсөн долоо хоногт болсон “Playtime 2025” хөгжмийн наадмын үеэр оролцсон уран бүтээлчдийн дундаас хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн зүгээс тус наадмын үеэр дөрвөн иргэнээс хар тамхины шинжилгээ авч, тэдгээрийн нэгийнх нь хариу эерэг гарсан болохыг албан ёсоор мэдээлэв. Одоогийн байдлаар тухайн этгээд ямар төрлийн бодис хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд нэмэлт шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Эцсийн хариу 2–3 долоо хоногийн дараа гарна.
“Mxrningstar” хамтлаг шалгалтад өртжээ
Эх сурвалжуудын мэдээлснээр, уг хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд нь “Mxrningstar” хамтлагийн нэг гишүүн байж болзошгүй байна. Тэд зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай тоглолт хийж байсан бөгөөд хамтлагийн нэр хүндэд сэв суулгасан энэ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгжээ.
Хууль хяналтын байгууллагынхны мэдээлснээр, иргэдийн ирүүлсэн дуудлагын дагуу шалгалтын баг наадмын асруудад гэнэтийн хяналт хийж, дээрх иргэдийг саатуулсан байна.
Цагдаагийн байгууллага баталлаа
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээлэлд “Playtime фестивальд оролцсон дөрвөн иргэнээс шинжилгээ авсан нь үнэн бөгөөд тэдний нэгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Үлдсэн хүмүүсийн тухайд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдэгдсэн.
Хамтлагийн ахлагч өмнө нь ял авч байсан
“Mxrningstar” хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяа өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож, 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял сонссон түүхтэй. Тэрбээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгагдаж, ялын тогтоол нь давж заалдах шатны шүүхээр ч хүчинтэй хэвээр үлдсэн байдаг.
“Mxrningstar” хамтлагийн бүрэлдэхүүн
Уг хамтлаг нь амьд хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг бөгөөд сүүлийн жилүүдэд залуусын дунд нэр хүндтэй болж, анхны цомгоо олон нийтэд хүргэсэн. Хамтлагийн бүрэлдэхүүнд:
- Бөмбөрчин — Н.Эрдэнэбаяр
- Басс гитарчин — Г.Эрдэнэбаяр
- Соло гитарчин — З.Оюунболд
- Даралтат хөгжимчин — Н.Эрдэнэсайхан
- Гоцлол дуучин — Б.Аззаяа
нар багтдаг.
Одоогоор шалгалтын дүн бүрэн гараагүй байгаа тул уг хэрэг хэрхэн үргэлжлэхийг ЦЕГ мэдээлэхээр хүлээгдэж байна.