Баасан, 7 сар 4, 2025
HomeОлон улсын мэдээДалай ламын залгамжлагчийг зөвхөн бид тодруулна гэв

Далай ламын залгамжлагчийг зөвхөн бид тодруулна гэв

Далай лам: “Би залгамжлагчтай байх болно, гэхдээ түүнийг Хятад тодруулахгүй”

Түвдийн буддын шашны тэргүүн, Нобелийн шагналт Далай лам өөрийн байгуулсан Gaden Phodrang сангийн тухайд тайлбар хийж, “Далай ламын дараагийн дүрийг тодруулах онцгой эрх зөвхөн бидэнд хамаарна” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр БНХАУ-ын зүгээс “шинэ Далай ламыг Бээжин сонгоно” гэсэн байр суурийг няцаав.

Далай ламын институцийг үргэлжлүүлнэ

Хойд Энэтхэгийн Дарамсала хотод болсон арга хэмжээний үеэр Далай лам видео мэндчилгээ дэвшүүлэн “Далай ламын институци үргэлжилнэ” гэдгийг албан ёсоор зарлав. Тэрбээр энэ сард 90 нас хүрч буй бөгөөд уг мэдэгдэл нь төрсөн өдрийн баярт долоо хоногийн хүрээнд хийгдсэн байна.

Түүний хэлснээр, Gaden Phodrang сан нь Далай ламын уламжлалыг хадгалах зорилгоор байгуулагдсан бөгөөд ирээдүйн дүрийг уламжлалт ёсны дагуу буддын шашны удирдагчидтай зөвлөлдөж тодруулах бүрэн эрхтэй аж.

“Эртний уламжлалын дагуу дүр тодруулах ёслолыг зөвхөн тэд явуулах ёстой. Өөр хэн ч оролцох эрхгүй,” хэмээн Далай лам онцолжээ.

Хүйс, үндэс харгалзахгүй байж болно

Сангийн удирдах зөвлөлийн гишүүн Самдонг Ринбүүчи хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, “Далай ламын бие сайн байгаа. Одоогоор бичгээр ямар нэгэн залгамжлалын заавар бичээгүй” гэв. Тэрбээр шинэ дүр нь эрэгтэй эсвэл эмэгтэй, түвд хүн эсэх нь заавал биш гэж тодруулжээ.

Далай ламын вэбсайтад бичсэнээр: “Намайг нас барсны дараа зөв аргаар тодруулсан дүрээс бусдыг улс төрийн зорилгоор тулгасан гэж үзэх учиргүй. Энэ нь БНХАУ-ын Засгийн газарт ч хамаарна.”

Хятадын байр суурь

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин дахин мэдэгдэл хийж, “Далай ламын дараагийн дүр Хятадад төрж, Бээжингийн зөвшөөрлөөр тодрох ёстой” хэмээжээ. Харин Далай лам өөрийн номдоо “шинэ дүр Хятадаас гадуур мэндлэх учиртай” хэмээн бичсэн байдаг.

Түвдийн 14 дэх Далай лам Лхамо Төндүп нь 1935 оны 7 сарын 6-нд Цинхай мужид төрсөн бөгөөд хоёр настайд нь 13 дугаар Далай ламын дүр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Тухайн үед томоохон лам нарын зөн мэдрэмж, шалгалтын дараа тэрбээр 13-р Далай ламын хувийн эд зүйлсийг таньж “энэ бол минийх” хэмээн хэлснээр шийд гарсан түүхтэй.

Энэтхэгийн байр суурь

Далай лам 1959 онд Хятадын дарангуйллын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэг рүү дүрвэж, тус улсаас улс төрийн орогнол авсан. Өнөөдөр 100 мянга гаруй түвд дүрвэгчид Энэтхэгт амьдарч байна. Энэтхэг улс албан ёсоор тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй ч, Далай ламын шашны үйл ажиллагааг дэмжсээр иржээ. 2025 оны гуравдугаар сард Энэтхэгийн 46 парламентын гишүүн түүний залгамжлагчийг зөвхөн өөрөө сонгох эрхтэйг баталсан тунхагт гарын үсэг зурсан.

Хууль ёсны дүрийг зөвхөн сан тодруулна

Далай ламын үүсгэн байгуулсан Gaden Phodrang сан 2015 онд байгуулагдсан бөгөөд шашны үүргээ үргэлжлүүлэх, институцийг хадгалах зорилготой. Тус сангийн дээд албан тушаалтнуудын дунд түүний ойрын туслахууд багтдаг бөгөөд залгамжлагчийг тодруулах эрх тэдэнд хадгалагдана.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд