Цэргийн ажиллагаа, онц байдал, олон улсын анхаарал
Израилийн армийн зүгээс 6-р сарын 13-ны шөнө Ираны нутаг дэвсгэр рүү агаараас цохилт өгсөн нь тус бүс нутгийн хурцадмал байдал улам нэмэгдэж буйг харуулж байна. Энэхүү довтолгооныг Израилийн армийн зүгээс баталгаажуулж, “Арслангийн ард түмэн” нэртэй ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Израиль уг цохилтыг “Ираны цөмийн хөтөлбөр болон батлан хамгаалах байгууламжуудыг устгах зорилготой” хэмээн тайлбарласан бөгөөд тус улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац онц байдал зарлаж, ард иргэддээ анхааруулга хүргэв. “Израиль улсаас Иранд хийсэн урьдчилсан цохилтын дараа хариу пуужингийн болон дрон довтолгоо хүлээгдэж байна” хэмээн Кац мэдэгдэв.
Цохилтын цар хүрээ, хохирол
Израилийн Агаарын цэргийн хүчин Тегеран, Натанс, Хоррамабад, Хамедан хотууд дахь цөмийн болон цэргийн байгууламжуудад цохилт өгсөн талаар мэдээлж байна. Интернетэд байршсан бичлэгүүдээс үзэхэд, Пираншахр дахь пуужингийн бааз руу хийсэн довтолгооны дараа хэд хэдэн удаагийн дэлбэрэлт гарсан нь харагджээ.
Ираны төрийн мэдээллийн агентлагууд мэдээлснээр, энэхүү цохилтод Ираны Исламын хувьсгалын хамгаалах корпусын командлагч Хоссейн Салами, Ираны армийн штабын дарга Мохаммад Багери болон цөмийн хөтөлбөрт оролцож байсан эрдэмтэд амиа алдсан гэжээ.
АНУ-ын байр суурь
АНУ цохилтод оролцоогүйгээ мэдэгдсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио: “Өнөөдөр орой Израиль Ираны эсрэг бие даан ажиллагаа явууллаа. Бид оролцоогүй. Манай гол зорилго бол бүс нутаг дахь Америкийн цэргүүдийн аюулгүй байдлыг хангах юм” хэмээн мэдэгдсэн байна.
АНУ сүүлийн саруудад Ирантай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ хийхийг оролдсон ч амжилтад хүрээгүй. АНУ Иран ураны баяжуулалтаа зогсоож, пуужингийн хөтөлбөрөө хязгаарлан, цөмийн байгууламжуудад Америкийн хяналт тавихыг шаардсан ч Тегеран үүнийг эсэргүүцсэн хэвээр байна.
Израиль цаашдын алхмуудаа танилцуулав
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, видео мэдэгдэл хийв. Тэрбээр: “Операци шаардлагатай хугацаанд үргэлжилнэ. Бид Ираны цөмийн байгууламж, пуужин үйлдвэрлэлийн хүчин чадал, цэргийн нөөцийг бууруулахыг зорьж байна” хэмээн мэдэгдэв.
Мөн тус улс хэдэн арван мянган нөөц хүчний алба хаагчдыг дайчилсан бөгөөд тус улсын тылын командлалаас сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглож, ажилчдыг зөвхөн зайлшгүй шаардлагатай салбаруудад ажиллахыг зөвлөсөн байна.
Хариу цохилт хүлээгдэж байна
Израилийн нисэхийн бүсийг хаасан бол Иран Тегераны Имам Хомейнигийн олон улсын нисэх буудалд нислэгүүдийг түр зогсоож эхлээд байна. ЦАХАЛ буюу Израилийн армийн мэдэгдсэнээр, зүүн талаас ирэх “ноцтой цохилт” хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь Израилийн аль ч бүс нутгийг онох хүнд пуужин байх магадлалтай гэжээ.
Дональд Трампын мэдэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News-д өгсөн ярилцлагадаа: “Хэрвээ Иран хариу довтолгоо хийвэл АНУ өөрийгөө болон Израилийг хамгаалах болно. Иранд цөмийн зэвсэг байх ёсгүй. Бид хэлэлцээний ширээ рүү эргэн очихыг хүсч байна. Гэвч удирдлагын түвшинд энэ боломжгүй болсон хүмүүс ч байгаа” гэж хэлжээ.