УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр гаргасан хуулиудын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, цаашид Засгийн газарт чиглэл өгөх тогтоол баталлаа.
Ажлын хэсгийн тайланг хэлэлцэв
Энэхүү асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай зургаан удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын туршлага, хууль тогтоомжийг харьцуулан судалгаа хийжээ.
Эрх зүйн орчны тойм
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 100 гаруй хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хөндсөн зүйл, заалтууд багтжээ.
- Нийт 19 журам, 4 дүрэм, 12 стандарт, 120 орчим эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна.
- НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн 82.4 хувийг үндэсний хууль тогтоомжид тусгасан ч 17.6 хувь нь огт тусгагдаагүй, эсвэл ерөнхий байдлаар зохицуулагдсан байна.
Гол дүгнэлт
Ажлын хэсгээс гаргасан тайланд дурдсанаар:
- Хуулийн зохицуулалт зарим талаар тодорхой бус, хэрэгжилтийн механизм сул,
- Хариуцлагын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй,
- Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байна.
Иймд “Хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай” чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхийг Байнгын хороо дэмжин тогтоол батлав.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлыг хөндөв
Мөн энэ хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуулгын хариуг хэлэлцэв. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.