Дуучин, жүжигчин Женнифер Лопесын хувийн амьдралд шинэ өөрчлөлт гарсан бололтой. Тэрээр “Office Romance” инээдмийн кинонд хамтран тоглосон жүжигчин Бретт Голдстинтэй болзож эхэлсэн талаар “Page Six” хэвлэл дотоод эх сурвалжаас эш татан мэдээллээ. Эх сурвалжийн онцолсноор одоогоор тэдний харилцаа ямар нэг үүрэг амлалт хүлээгээгүй, чөлөөт шинж чанартай байгаа аж.
Тэдний дотно харилцааны тухай цуурхлыг саяхан хамтдаа олны өмнө гарсан явдал улам дэвэргэжээ. Тэд Лос-Анжелес хотод болсон нэгэн үдэшлэгт нэг машинтай хүрэлцэн ирсэн хэдий ч арга хэмжээний үеэр бие биенээсээ зай барихыг хичээж байсан нь анзаарагдсан байна.
Уран бүтээлчдийг хоорондоо холбоотой хэмээн ярьж буй нь анхны тохиолдол биш юм. Бүр өнгөрсөн зун л тэднийг зураг авалтын талбайд бүхий л талаар мэргэжлийн ёс зүй баримталж байсан ч хооронд нь “маргаангүй онцгой таталцал” үүссэнийг эх сурвалжууд тэмдэглэж байв. Түүнчлэн 2025 оны 3 дугаар сард тэднийг Бродвейн “Oh, Mary!” шоуг хамт үзэж байхад нь харсан хэдий ч жүжигчид өөрсдөө энэхүү романсын тухай цуурхлыг үгүйсгэсээр ирсэн билээ.
