Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён нэр төрд нь халдаж, талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой худал таамаглал түгээсэн үндэслэлээр “HoverLab” YouTube сувгийн үйл ажиллагааг бүрмөсөн хаалгахаар шүүхэд хүсэлт гаргалаа. Түүний хуулийн төлөөлөгчид тус сувгаас жүжигчинтэй холбоотой нийт 30 бичлэгийг устгуулах болон цаашид үүнтэй төстэй агуулга нийтлэхийг хориглосон шүүхийн шийдвэр гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Ирэх сарын 4-нд шүүх хурал товлогджээ
Уг нэхэмжлэлийг өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хийхээр товлоод байна. Энэхүү хуулийн ажиллагаа нь “HoverLab” сувгийн эрхлэгч Ким Сэ Үйг худал мэдээлэл тарааж, жүжигчний нэр хүндэд халдсан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сард яллагдагчаар татсаны дараа өрнөж буй дараагийн алхам юм.
Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл
Прокурорын байгууллагын дүгнэлтэд дурдсанаар Ким Сэ Үй нь өнгөрсөн оны гуравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд жүжигчний талаар нийт 25 удаа худал мэдээлэл олон нийтэд түгээсэн гэж буруутгагдаж байна.
Үүнд Ким Сү Хёныг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан, мөн жүжигчний зүгээс үзүүлсэн дарамт шахалт, заналхийлэл нь түүний үхэлд нөлөөлсөн гэх таамаглалууд багтжээ. Прокурорын зүгээс эдгээр мэдэгдлийг бодит байдалд нийцэхгүй, жүжигчний нэр хүндийг зориуд гутаах зорилготой худал мэдээлэл байсан хэмээн тодорхойлсон байна.
