Хятадын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулснаар монгол уншигчдын гарт хүрч байна. Тус роман нь хоёр дэвтрээс бүрддэг бөгөөд ийнхүү тэргүүн дэвтэр нь хэвлэгдэн уншигчдын хүртээл болж байгаа юм.
Орчуулагч Мө.Батбаяр сүүлийн арван жилийн хугацаанд зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг томоохон бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан гаргаад байсан билээ. Тус дөрвөн роман нь 1900-аас 2000 он хүртэлх Хятадын зуун жилийн нийгэм, түүхийн өөрчлөлтийг бүтнээр нь харуулдаг тул “Ахан дүүс” роман хэвлэгдсэнээр энэхүү дөрвөн бүтээлийн цогц соёл, уран сайхны санаа бүрэн төгс илрэх боломж бүрдэж байна.
Зохиолчийн дөрвөн романы түүхэн цаг үе ба орчуулгын онцлог:
- “Вэн хот”: Чин улсын төгсгөл үе болон 1911 оны хувьсгалын цаг үеийг харуулах бөгөөд утгачилсан болон яс барьсан орчуулгын арга барилыг хослуулсан.
- “Амьдрахуй”: 1940-өөд оны иргэний дайнаас эхлэн Соёлын хувьсгал, өөрчлөлт шинэчлэл хүртэлх түүхийг нэг гэр бүлийн амьдралаар харуулсан утгачилсан орчуулгатай бүтээл.
- “Цусаа худалдсан тэмдэглэл”: Эх зохиолын үг, өгүүлбэрийг чанд баримталсан орчуулгатай бөгөөд нийгмийн шилжилтийн үеийн аж амьдралыг дүрсэлсэн.
- “Ахан дүүс”: 1960-аас 2000 оны хоорондох Соёлын хувьсгал болон зах зээлийн нийгмийн шилжилтийг тусгасан 500 мянган ханзтай томоохон бүтээл.
“Ахан дүүс” роман нь 2005 онд анх хэвлэгдэж, богино хугацаанд 1.1 сая хувь борлогдон тухайн оныхоо хамгийн их борлуулалттай номоор шалгарч байжээ. Эхний дэвтэр нь реалист бичлэгтэй, уламжлалт хэлбэртэй байдаг бол хоёрдугаар дэвтэрт Кафкагийн авангард болон шог гарааны элементүүд гүнзгий туссанаараа онцлогтой.
Зохиолын гол дүр болох Сүн Ган нь уламжлалт ёс суртахуун, үнэн шударга чанарыг бэлгэддэг бол Ли Гуантоу нь орчин үеийн эд хөрөнгө, хүсэл шуналд автсан нийгмийн туйл болдог. Хоёр ахан дүүсийн хэн нь ч үр удмаа үлдээж чаддаггүй нь хуучин ёс суртахуун ч, хэт хэрэглээнд автсан орчин үе ч ирээдүйг цогцлоож чадахгүй гэсэн гүн бэлгэдлийн утгыг агуулж байна.
