Монгол Улсын эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулах зорилтын хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) робот мэс заслын шинэ технологийг практикт нэвтрүүллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын “Meerecompany”-ийн бүтээсэн “Revo-I” системийг эмчилгээндээ ашиглаж эхэлснээр, тус эмнэлэг нь өнгөрсөн оны сүүлчээр уг технологийг нэвтрүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) дараах, робот мэс засал хийдэг манай улсын хоёр дахь эмнэлэг болж байна.
Шинэ технологийн нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа уг үйл явдлыг тус эмнэлгийн мэс заслын салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал ахиц хэмээн онцлов. Энэхүү төсөл нь Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгийн санаачилгаар эхэлж, одоогийн Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын гүйцэтгэлээр ажил хэрэг болсон бөгөөд эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн баг хамт олон манлайлан оролцжээ. Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ БНСУ-д мэргэжил дээшлүүлснээс гадна ХСҮТ-ийн туршлагатай хамт олонтой нягт хамтран ажиллаж, бэлтгэл хангасан байна.
Робот мэс засал нь эмчийн физик удирдлага дор өвчтөний биеийн хүрц хэцүү хэсэгт байрлах эмгэгийг эрсдэл багатайгаар авах, эд кодийг ялгах, оёдол тавих, хайчлах зэрэг нарийн үйлдлүүдийг өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг давуу талтай. УНТЭ-ийн удирдлагаас цаашид уг технологийн тусламжтай үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг Эрүүл мэндийн даатгалд хамруулах болон хүний нөөцөө үе шаттайгаар тасралтгүй бэлтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
