Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой болон Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан тусгай арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ хүрээнд ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан “Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл” сэдвээр салбар номын санд лекц уншсан байна.
Арга хэмжээний үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй “Монголын нууц товчоо”-ны олон хэл дээрх хэвлэлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Мөн уг сурвалжтай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 200 орчим бүтээлийг нэг дор танилцуулсан бөгөөд үзэсгэлэн есдүгээр сарын 9 хүртэл уншигчдад нээлттэй байх аж.
Лекцэд эрдэмтэн, судлаачид, номын сангийн уншигчид болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон байна. Тэдний дунд Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж, Монголын түүх, хэл, соёлын өвийн талаар мэдээлэл сонсжээ.
Лекцийн дараа доктор С.Мөнхсайхан “Монголын нууц товчоо” судлалын олон улсын академийн болон өөрийн эрхлэн хэвлүүлсэн бүтээлүүдээс Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивласан байна. Ингэснээр тус номын сангийн “Монголын нууц товчоо”-той холбоотой судалгааны эх хэрэглэгдэхүүний сан дахин баяжжээ.
“Монголын нууц товчоо” нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татсан түүх, хэл, соёлын чухал дурсгалд тооцогддог. Уг бүтээлийг дэлхийн 30 гаруй оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, вьетнам, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 шахам хэлээр орчуулжээ.
Өнөөдрийн байдлаар “Монголын нууц товчоо” 150 гаруй удаа хэвлэгдэж, таван тивийн уншигч, судлаачдад хүрсэн байна. Эх хэлний өдрийн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээ нь уг бүтээлийн хэл, түүх, соёлын үнэ цэнийг олон нийтэд дахин таниулахад чиглэжээ.
