Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек, Чолпон-Ата хотод “Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриан дор Дэлхийн нүүдэлчдийн VI наадам үргэлжилж байна. Дэлхийн 100 гаруй орны тамирчин, төлөөлөгч оролцож буй тус наадмаар үндэсний болон уламжлалт спортын нийт 43 төрлөөр шилдгүүдээ тодруулж байгаа юм.
Монгол Улс энэ удаагийн наадамд спортын 27 төрөлд 135 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын багийн медалийн санг Алыш бөхийн фрийстайл төрөлд хүч үзсэн улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медалиар нэмлээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Н.Амгаланбаатар тэмцээний эхний тойрогт Бениний бөхтэй барилдаж ялалт байгуулжээ. Улмаар хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчныг, шөвгийн наймд Беларусын бөхийг тус тус давснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ баталгаажуулсан байна.
Тэрбээр хагас шигшээ шатанд Киргизстаны бөхтэй хүч үзсэн ч ялагдал хүлээжээ. Ингэснээр Н.Амгаланбаатар Алыш бөхийн фрийстайл төрлөөс хүрэл медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын медальтнуудын жагсаалтад бичүүлсэн байна.
