Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд оролцохоор бэлтгэж байна. Тус фестивалийн тайзнаа найруулагч Б.Анхбаатарын бүтээл, Хүүхэлдэйн театрын 2025 оны онцлох уран бүтээл болох “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг олон улсын үзэгчдэд толилуулах юм. Уг жүжгийг олон улсын наадмын тайзнаа хүргэхийн өмнө Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа цөөн удаа тоглохоор төлөвлөжээ.

Жүжгийн онцлог ба уран сайхны шийдэл
Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим болон гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлсэн үггүй жүжгийн хэлбэртэй. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорилт, мангас болон бурхдын ертөнцийг дүрслэн харуулснаар хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн тайзны урлагийн шинэ өнгө төрхөөр амилуулж байна.

