НүүрОлон улсын мэдээ108 насандаа "Subaru" жолоодож байна: Улсынхаа хамгийн эрч хүчтэй эмээгийн урт насалсан...

108 насандаа “Subaru” жолоодож байна: Улсынхаа хамгийн эрч хүчтэй эмээгийн урт насалсан гайхалтай нууцууд

АНУ-ын Довер хотын оршин суугч Сьюзен Янг Браун 108 насныхаа ойг тэмдэглэсэн ч автомашинаа өөрөө жолоодон, хувийн орон сууцандаа бие даан амьдарсаар байна. Энэхүү зуу гаруй насалсан эмэгтэй эрүүл мэнд, саруул ухаан, гайхалтай эрч хүчээ хадгалан үлдэхэд нь тусалсан урт наслалтын 5 энгийн дүрмийг хуваалцлаа.

Энэ талаар Today хэвлэл мэдээлжээ.

Өдгөө 108 настай Сьюзен цэнхэр өнгийн “Subaru” автомашинаа өөрөө жолоодож, хувийн байшиндаа амьдарч, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийдэг байна. Тэрээр 80 гаруй жил машинаа жолоодож байгаа бөгөөд саяхан жолооны үнэмлэхийн хугацаагаа 2033 он буюу 115 нас хүртлээ сунгуулжээ.

“Дэлгүүр явахын тулд би өөрөө л жолооны ард суух хэрэгтэй болдог. Хаашаа ч явмаар байсан би өөрөө л машинаа жолоодно. Би туршлагатай жолооч, тиймээс маш болгоомжтой байхыг хичээдэг.— Сьюзен Янг Браун

Түүний хүү Джим Янг ээжийгээ “гайхалтай бөгөөд хүчирхэг” гэж нэрлэсэн бол охин Линнетт Янг Оверби “ээж маань өөрөө асар шийдэмгий хүн, одоо бүр нэлээд алдартай болсон” хэмээн ярьжээ. Энэ оны эхээр Сьюзен 108 насны ойгоо томоохон үдэшлэгээр тэмдэглэсэн бөгөөд хүндэт зочдын дунд Делавэр мужийн Амбан захирагч байлцсан байна.

108 настай эмэгтэйн амьдралын замнал ямар байв?

Сьюзен 1918 оны 4-р сарын 24-нд Делавэр мужийн Линкольн хотын нэгэн фермд мэндэлжээ. Тэрээр эцэг эх, есөн ах дүүгийн хамт цахилгаан болон цэвэр усны суваггүй байшинд өссөн байна.

Susan Young Brown

Хар арьст хүүхдүүдийн бага сургуульд сурч байхдаа багшийгаа бишрэн багшлах үйлсэд амьдралаа зориулахаар шийджээ.

Тухайн үед миний бодож байсан хамгийн чухал зүйлсийн нэг бол боловсрол эзэмшиж, багш болох явдал байсан.” — Сьюзен Янг Браун

Тэр үед тус бүсэд хар арьст сурагчдад зориулсан үнэ төлбөргүй ахлах сургууль байгаагүй тул гэр бүл нь түүнийг Делавэр мужийн коллежийн дэргэдэх ахлах сургуульд сургахаар төлбөрийг нь төлж байжээ. Улмаар Сьюзен Делавэр мужийн Их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, 1945 онд төгссөн байна. Өнөөдөр тэрээр тус сургуулийн амьд сэрүүн байгаа хамгийн ахмад төгсөгч юм.

Тэрээр нэг танхимтай сургуулиас карьераа эхлүүлэн 30 жил багшилжээ. Мөн анхны нөхөртөө автобусны бизнес эрхлэхэд нь тусалдаг байв. 1977 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд одоогийн амьдарч буй байшиндаа 70 гаруй жил амьдарч байна.

Susan Young Brown

108 настай эмэгтэйн урт насалсан 5 нууц

“Би яагаад ийм урт насалж байгаагаа мэдэхгүй юм. Би зүгээр л өөртөө анхаарал тавихыг хичээдэг.” — Сьюзен Янг Браун

Тэрээр урт насалснаа дараах энгийн зуршилтай холбон тайлбарлаж байна:

1. Тогтмол дасгал хөдөлгөөн

Сьюзен өглөө бүр шалан дээр сууж, 10 минут орчим сунгалтын дасгал, булчин чангалах болон тэнцвэржүүлэх дасгал хийдэг. “Дараа нь би босож, хананд шахагдаж байгаад хөлнийхөө дасгалыг хийдэг. Хөлөндөө ачаалал өгч байгаа эсэхээ би заавал хянадаг” гэж тэрээр ярьжээ.

Тогтмол дасгалын ачаар Сьюзен таяг болон алхуулагч хэрэгсэлгүйгээр явдаг. Долоо хоногт гурван удаа Довер дахь “Modern Maturity Center”-т өөрөө машинаа жолоодон очиж, сандал дээрх бүжгийн хичээлд сууж, бусад өндөр настнуудтай харилцдаг байна.

2. Эрүүл хооллолт

Сьюзен дуртай хүнсэндээ тахианы мах болон жимс жимсгэнийг нэрлэжээ. Өдөр бүр алим идэхийг хичээдэг ба тоор, нэрсэнд маш дуртай. Өглөөний цэвэр хөлдөөсөн вафли, цангисын жүүс, нэг аяга хар кофе уудаг. Тэрээр шарсан (тосонд шарсан) хоол хүнснээс зайлсхийдэг.

Согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, сахарын хэрэглээгээ хязгаарладаг. Гэсэн хэдий ч нэг үл хамаарах зүйл байдаг нь түүний гэр бүлийн уулзалтад зориулан хийдэг дуртай “7UP” бялуу юм.

Охин Овербигийн мэдээлснээр, 108 настай ээж нь ердөө цусны даралт хянах нэг л эм уудаг байна. Мөн урт наслалт нь тэдний гэр бүлийн генд байж болох бөгөөд Сьюзэний эмэгтэй дүү нарын нэг нь 103 насалж байжээ.

3. Бие даасан байдал

Сьюзен хоёр удаа амьдрал зохиожээ. Хоёр дахь нөхөр нь нас барсны дараа дахин хүнтэй суухыг хүсээгүй байна. “Тийм ээ, би дахин өөр нэг эр хүнийг асрах бодолгүй байна. Ганцаараа үлдсэнийхээ дараа надад намайг асрах өөр хэн нэгэн хэрэггүй, би өөрөө өөрийгөө асарч чадна гэж шийдсэн. Эрүүл аюулгүй амьдрахын тулд хүн өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн тэрээр онцлов.

Машин жолоодох, өөрийн байшиндаа амьдрах нь түүний хувьд бие даасан байдлын чухал бэлэг тэмдэг юм.

4. Ой ухаанаа идэвхтэй байлгах

Сьюзен Браун маш их ном уншдаг, ялангуяа дурлалын роман унших дуртай. Мөн оньсого таавар тааж, үгийн сүлжээ тоглодог. Үүнээс гадна сүмд очиж, “Modern Maturity Center”-ийн ажилд оролцон, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүдтэйгээ уулздаг. Тэрээр “Phi Delta Kappa Alpha Pi” нийгэмлэгийн насан туршийн гишүүн юм.

Сьюзен маш эмх цэгцтэй бөгөөд хаашаа ч явсан жижиг календарь хуваарьтайгаа авч явдаг аж.

5. Аялал ба шинэ зүйлсийг нээх

Амьдралынхаа туршид Сьюзен АНУ-ын олон муж болон дэлхийн бусад орнуудаар аялжээ. Аляска болон Гавайи мужууд АНУ-ын бүрэлдэхүүнд ороход тэрээр багшилж байсан бөгөөд хоёуланд нь зочилж амжжээ. Аляскад бүр хоёр удаа очсон байна. Мөн Испани, Португал, Бразил болон бусад орнуудаар аялжээ. Түүнд хамгийн их таалагдсан газар нь Гавайи бөгөөд “Тэнд үнэхээр үзэсгэлэнтэй” хэмээн дурсжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд