Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрМонгол Улс COP17-д бэлтгэх хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

Монгол Улс COP17-д бэлтгэх хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

Ирэх 2026 онд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн оролцогч талуудын бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам, Байгаль орчин, цаг уурын яам, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран 4 дүгээр сарын 21-нд хөгжлийн түншүүдийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, гадаадын Элчин сайдын яамд, НҮБ болон олон улсын хөгжлийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөгч оролцсон юм. Монгол Улсын Засгийн газраас COP17-ыг зохион байгуулах бодлого, зорилгыг танилцуулж, хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэв.

Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан COP17-ыг зохион байгуулах Үндэсний хороог Байгаль орчин, цаг уурын сайд С.Одонтуяа тэргүүлж байна. Тэрээр “Манай улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа тул энэхүү олон улсын хурлыг хөгжлийн түншүүдтэй хамтран зохион байгуулах нь байгаль орчны доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чухал алхам юм” хэмээн онцолсон.

Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17-д бэлтгэх албаны дарга Н.Чимгүүндарь хэлэхдээ: “Өнөөдрийг хүртэл бид дотоод зохион байгуулалтдаа төвлөрч ажиллаж байсан. Харин өнөөдөр бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хурал зөвхөн нэг улсын хүчээр зохион байгуулагдах боломжгүй. UNDP хамтран ажиллаж, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Мөн Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2026 оныг “Бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой хэрэглээний олон улсын жил” болгон зарлах санаачлагыг гаргасан тул энэ хүрээнд COP17 дээр олон улсын түншлэл бүхий “Тогтвортой бэлчээр ба ирээдүйн газар нутгийн эвсэл”-ийг үүсгэн байгуулах, холбогдох баримт бичиг боловсруулах, олон улсын дэмжлэг авах, хөрөнгө босгох зэрэг олон ажил төлөвлөгдөж байна.

Монгол Улсад COP17-ыг зохион байгуулах нь дотоодын байгаль хамгаалал, газрын менежментийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлэхэд түлхэц өгөхөөс гадна цөлжилтийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах чухал боломж болж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд