Болгар улсын Софи хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг, эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн чансааг сорьдог “Алтан Феми” олон улсын кино наадам амжилттай өндөрлөлөө. Тус нэр хүндтэй наадмаас гоо зүй, утга агуулга, ур чадвараараа шалгарч, хэд хэдэн гол номинацын эзэд болсон Монголын кино урлагийн зүтгэлтнүүдэд шагналыг нь албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү үйл явдал нь Монголын киночид олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай төдийгүй түүх, соёл, нийгмийн эмзэг сэдвийг дэлхийн хэмжээнд гаргаж чадаж буйн илрэл боллоо.
Шагнал хүртсэн уран бүтээлүүд ба номинацууд
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн манай уран бүтээлчдийн кино зураглал, соёлын өв болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг өндрөөр үнэлж дараах шагналуудыг гардуулжээ.
- “Social Impact” шагнал: Найруулагч Д.Галбаяр, продюсер Т.Хулан нарын хамтын бүтээл “Эмэгтэйн кейс” уран сайхны кино;
- “Best Asian Cinematography” шагнал: Монгол киноны дүр төрхийг уран чадварлаг дүрсэлсэн “Хувь заяа” уран сайхны киноны ерөнхий зураглаач Б.Баатар;
- “Best Historical Drama & Cinematography” шагнал: Түүхэн сэдэвт өвөрмөц шийдэл бүхий найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” уран сайхны кино;
- “Golden Mazaalai of the Altan Gobi” шагнал: Говийн экосистем, мазаалай баавгайн тухай өгүүлэх найруулагч Э.Ган-очир, продюсер Ж.Мядагбадам нарын “Их Говийн Манаач” баримтат кино;
- “Cultural Heritage & Authenticity” шагнал: Үндэсний өв соёл, ахуйн үнэн байдлыг тодотгосон “Явуулын Хүн Говьд” уран сайхны киноны ерөнхий найруулагч Д.Урантуяа.
Тус наадмаас ийнхүү баримтат болон уран сайхны киноны төрлөөр олон шагнал зэрэг хүртсэн нь Монголын кино урлагийн хөгжил шинэ шатанд гарсныг батлан харуулж байна. Шагнал гардан авсан нийт найруулагч, оператор, продюсерууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
