Нийслэлийн төв талбайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан томоохон арга хэмжээ зохион байгуулагдах үеэр хотын удирдлагуудын зүгээс багачуудад зориулсан мега төслүүдээ танилцууллаа. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайд өрнөж буй “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүрэлцэн ирж, хотын ирээдүй болсон бяцхан иргэддээ баярын халуун мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хотын дарга хэлсэн үгэндээ Улаанбаатар хотыг хүүхэд болон гэр бүлд ээлтэй, хүн төвтэй эко систем болгон хөгжүүлэхийн тулд зөвхөн зам, барилга байгууламжаар хязгаарлагдахгүй, тэдний хөгжлийг дэмжих дэд бүтцийг бий болгох шаардлагатайг онцлов. Тэрбээр хүүхдийн эрхийг хангах чиглэлээр ойрын жилүүдэд хотын захиргаанаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараах томоохон ажлуудыг багцлан танилцуулсан юм.
- Дөрвөн улирлын зуслан: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, бүтэн жилийн турш ажиллах хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна.
- Үндэсний хөдөлгөөн: Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотын хэмжээнд албан ёсор өрнүүлнэ.
- Ордны шинэчлэл: Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тусгай танхимуудыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулна.
Эдгээр ажлуудыг нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлж буйн хувиар заавал ажил хэрэг болгохоо Б.Пүрэвдагва дарга илэрхийлээд, баярын индэр дээрээс нийт олон нийтэд хандан уриалга гаргалаа.
“Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр за гэж, заавал хийцгээе”
