Барбадосын алдарт дуучин Рианна найз залуу болох Америкийн рэпэр A$AP Rocky-той дундаас гарсан 7 сартай охин Рокитойгоо анх удаа алдартай сэтгүүлийн нүүр зурагт зориулан зургаа авахуулжээ.
Одоогоор уран бүтээлээсээ илүүтэй эх хүний үүрэгтээ бүрэн анхаарлаа хандуулж буй тэрээр хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байдаггүй нэгэн. Гэвч шүтэн бишрэгчид нь түүний гэр бүл, хүүхдүүдийнх нь талаарх мэдээллийг сонирхсоор ирсэн тул дуучин бүсгүй энэ удаад тэдний сонирхлыг багахан ч ботугай хангахаар шийджээ.
Тодруулбал, Рианна охинтойгоо хамт “W” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн байна. Тэд “Dior” брэндийн загварлаг хувцсаар ижилсэж, гэрэл зургийн дуранд өртжээ. Рианна энэхүү хамтарсан зураг авалтынхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа сэтгүүлийн нүүр зураг гайхалтай болсныг онцлоод, бяцхан Роки од болсон ээжийгээ ч бүдгэрүүлсэн хэмээжээ.

“Бүсгүйчүүд ээ, сэтгүүлийн нүүрийг хараарай! Бяцхан Роки өөрийн анхны ковер дээрээ үнэхээр хүчирхэг төрхийг харуулж чадлаа. Тэр зураг авалт дээр ирээд л ээжийгээ бүрэн ‘ардаа орхисон'” хэмээн дуучин бүсгүй бичсэн байна.
Рианна болон рэпэр A$AP Rocky нар 2020 оны эхнээс болзож эхэлсэн бөгөөд тэд өдгөө 3 настай РЗА, 2 настай Риот болон 7 сартай Роки гэсэн гурван хүүхдийн эцэг эх болоод байгаа юм.
