Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш, сурагчдаас бүрдсэн төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Тэд 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод ажиллаж, тусгай хэрэгцээт боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн туршлагатай танилцсан байна.
Уг багт 8 суралцагч, 7 багш нийт 15 хүн багтсан бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, сэргээн засах үйлчилгээнд хамруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаанд оролцжээ. Айлчлалын хүрээнд дараах газруудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцсон байна:
- Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэргээн засал, хүүхэд хамгаалал болон халамжийн хэрэгжилт;
- Сэргээн засах, туслах хэрэгслийн төвийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийн дэвшил;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилладаг “Шяо Хун Яо бо” баншны газар болон “Му Лэ” гар урлал, соёлын төвийн бизнесийн орчин;
- Хөх хотын тусгай сургуулийн сургалтын менежмент, орчин нөхцөл.
Төлөөлөгчид Хөх хотын Гадаад харилцааны алба, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Нийгмийн хамгааллын газрын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр багш, сурагч солилцооны хөтөлбөр эхлүүлэх, төгсөгчдийг БНХАУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах боломжийн талаар санал солилцсон нь чухал ач холбогдолтой болов.
Анх 1964 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан 29 дүгээр тусгай сургууль нь өдгөө улсын хэмжээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд 257 сурагч суралцаж байгаа бөгөөд 55 үндсэн багш, 8 хэл засалч, 13 туслах багш болон бусад албан хаагчид нийлсэн 141 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
