Монголын Волейболын Холбооны Удирдах зөвлөлөөс үндэсний шигшээ багуудын ахлах дасгалжуулагчдыг томилж, эмэгтэйчүүдийн багийг Сербийн мэргэжилтэн Моро Бранислав, эрэгтэйчүүдийн багийг Аргентины дасгалжуулагч Пабло Дель Крекко удирдахаар болсон байна.
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Моро Бранислав нь 16 улсын баг, клубтэй ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрээр саяхан Монгол Улсад болсон дасгалжуулагчийн сургалтыг удирдсан бөгөөд өмнө нь Хойд Солонгос, Югослав, Конго, Тайвань, Румын, Серби ба Монтенегро зэрэг улсын шигшээ багуудтай ажиллаж байжээ. Мөн Филиппин, Саудын Араб, Кувейт, Грек, Беларусь, Ливи, Тунисын лигүүдэд дасгалжуулагчийн ажлыг хийж байсан аж.
Түүний удирдлагад Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг наймдугаар сарын 11-16-нд Хонконгт болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүний дараа есдүгээр сарын 19-нөөс Японы Айчи-Нагояд эхлэх Азийн наадамд өрсөлдөхөөр бэлтгэж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ өмнө нь 1994, 2006, 2010, 2022 оны Азийн наадамд оролцож байжээ.
Эрэгтэйчүүдийн шигшээг Пабло Дель Крекко хариуцна
Харин эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Аргентины мэргэжилтэн Пабло Дель Крекко томилогдсон байна. Тэрээр 2025-2026 оны улиралд дээд лигийн “Төв Миг Волвес” багийг удирдан аваргын цом хүртсэн билээ.
Пабло Дель Крекко нь Монгол, АНЭУ, Марокко, Саудын Араб, Аргентин, Турк зэрэг улсын лигт нийт 16 багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай юм.
Түүний удирдлагад Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг наймдугаар сарын 5-9-нд эх орондоо зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд үүний дараа есдүгээр сарын 19-нөөс Азийн наадамд өрсөлдөнө. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ өмнө нь 1994, 2006, 2010, 2018, 2022 оны Азийн наадамд оролцсон түүхтэй.
Өсвөрийн шигшээ багуудын дасгалжуулагчдыг мөн томилжээ
Үүнээс гадна 18 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнгөнхуягийг, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлахаар Р.Хангайг томилсон байна.
Монголын 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ баг долоодугаар сарын 1-7-нд Тайландад болох U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.
