Ажилгүйдлийн даатгалын сангаас 89.7 тэрбум төгрөг олголоо
Энэ оны эхний улирлын байдлаар ажилгүйдлийн даатгалын сангаас 16 мянга гаруй иргэнд нийт 89.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна. Үүнийг 2022 оны үзүүлэлттэй харьцуулбал, тухайн үед ийм хэмжээний санхүүжилтийг бүтэн жилийн туршид олгож байжээ.
Тэтгэмжийн хэмжээ ийнхүү огцом өссөн нь 2025 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сард олгох ёстой байсан 14 мянга гаруй иргэний тэтгэмжийг 2026 онд нөхөн олгосонтой холбоотой байх магадлалтай байна.
Сангийн зарлага орлогоосоо давжээ
Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага эрчимтэй өссөөр байна. Зарлага нь орлогоосоо давсан тул тус сангийн алдагдал 47.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ оны улсын төсөвт ажилгүйдлийн тэтгэмжид ойролцоогоор 190 тэрбум төгрөг тусгасан байна. Гэвч эхний улирлын дүнгээр энэ санхүүжилтийн бараг 50 хувийг аль хэдийн олгочихоод байгаа юм.
Оны эцэст тэтгэмж тасалдах эрсдэл нэмэгдэв
Одоогийн гүйцэтгэлээс харахад он дуусах үед ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилт хүрэлцэхгүй болох эрсдэл үүсэж болзошгүй байна. Өнгөрсөн онд ч мөн адил нөхцөл байдал бий болж, улмаар олгогдоогүй тэтгэмжийг энэ оны эхний улиралд нөхөн олгосон юм.
