HomeУлс төрЭМДЕГ-ын экс дарга Л.Бямбасүрэнд 13 жилийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг...

ЭМДЕГ-ын экс дарга Л.Бямбасүрэнд 13 жилийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь насан туршид нь хаслаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс түүнд оноосон шийдвэрийг танилцуулжээ.

Шүүхийн тогтоолоор Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Тодруулбал, түүнийг улс төрд нөлөө бүхий этгээдийн хувиар ажиллаж байх үедээ нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн хийх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзжээ.

Мөн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт ч буруутайд тооцсон байна. Шүүхийн дүгнэлтэд дурдсанаар тэрээр албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхийн нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж нуун далдлах зорилгоор шилжүүлж, улмаар эх үүсвэрийг нь халхалсан гэжээ.

Иймээс Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасны дагуу нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жилийн хорих ял оноосон байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3-т зааснаар нэг жилийн хорих ял нэмж шийтгэжээ.

Ингэснээр түүнд нийт 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, цаашид төрийн болон нийтийн албанд томилогдох эрхийг нь насан туршид нь хассан байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг шүүхээс мэдэгдсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд