HomeНийгэм“Mongolia” биш “Mongol” гэх нэршлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв

“Mongolia” биш “Mongol” гэх нэршлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв

Чингис хаан үндэсний музейд өнөөдөр “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо. Уг бүтээлд оролцсон эрдэмтэн, судлаачид түүхэн эх сурвалж, газрын зураг, архивын баримтад тулгуурлан Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зохистой гэсэн байр сууринд хүрсэн байна.

Судалгааны баг 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зураг, түүнчлэн өмнө нь олон нийтэд дэлгэгдээгүй архивын баримтуудыг харьцуулан шинжилжээ. Ингэснээр “Монгол” гэх нэрийн хэрэглээ түүхэн эх сурвалжуудад ямар хэлбэрээр тогтсон, хожим хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулахыг зорьсон байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ч.Лодойравсал “Дэлхийн улс орнууд монголчуудыг хэрхэн хардаг, тэдний харах өнцөг нь хэрхэн өөрчлөгдөж байсныг судлах ёстой. Үүний зэрэгцээ монголчуудыг дуудах зөв нэршил юу байх ёстойг ч нарийн судлах нь зүйтэй.

Энэ төрлийн судалгааг манай 20 гаруй эрдэмтэн судлаачид хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ өрнө, дорнын олон хэлний эх сурвалжийг баримтлан, газрын зураг, архивын материал дээр үндэслэж судалгаагаа хийсэн байна. Улмаар өнөөдрийн “Монгол хэмээх нэрийн судалгаа” хэмээх ном бэлэн болжээ” хэмээн ярьжээ.

Монгол Улсын Ардын багш С.Дуламын хэлснээр, тус бүтээл нь түүхч, хэл шинжээч болон эрдэм шинжилгээний гол байгууллагуудын төлөөлөл болсон 22 зохиогчийн хамтарсан ажил аж. “Монгол хэмээх нэрийн судалгаа” ном хоёр бүлэгтэй бөгөөд түүнийг бэлтгэхэд гурван редактор ажилласан байна.

Судалгааны хүрээнд 13 дугаар зуунаас 18 дугаар зууныг хүртэлх монгол бичгийн олон эх сурвалжийг нягталжээ. Үүнээс гадна төвд, манж, хятад, солонгос зэрэг дорно дахины хэл, мөн орос, англи, герман, франц, итали, испани, чех, турк зэрэг өрнө дахины хэлний дурсгал, архивын баримт бичгийг хамруулан судалсан байна.

С.Дулам “22 зохиогч байгаагийн гол учир бол миний сая тоочсон олон хэлний хамгийн шилдэг мэргэжилтнүүд оролцсонд байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь Mongol гэж тэмдэглэсэн Европын анхны Абрахам Ортелийн 1570-аад оны газрын зургаас эхлээд 1794 оны Арон Арроусмитийн Mongolia гэж анх тэмдэглэсэн Азийн газрын зураг, 1892 оны Пьер М.Лапьегийн Азийн газрын зурагт Монгол Улсыг хэрхэн тэмдэглэсэн талаар харьцуулсан нь анхаарал татаж байсан” гэж онцоллоо.

Номын дүгнэлтэд дурдсанаар, дорно, өрнийн олон хэл дээрх эртний эх сурвалж болон газрын зурагт тэмдэглэгдсэн нэрийн бүтэц, хэлбэрийг харьцуулахад “Монгол” буюу “Mongol” гэсэн хувилбар давамгайлж байжээ. Өрнө дахины хэлэнд XIII зууны латин тэмдэглэлээс mongol, mongolorum хэлбэрээр хэрэглэгдэж ирсэн бол “Mongolia” гэх хувилбар дахь латин хэлний “-ia” буюу “… -ын газар” гэсэн утгатай бүтээвэр нь XVII-XVIII зуунаас тогтмолжсон гэж тайлбарласан байна.

Иймээс судлаачид цаашид Монгол Улс болон Монгол Улсын иргэнийг гадаад хэлнээ илэрхийлэхдээ уугуул нэртэй нь нийцүүлэн “Mongol” гэж бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэдний тайлбарласнаар, энэ нь зөвхөн хэлзүйн бус, түүхэн баримт, нэршлийн уламжлалд тулгуурласан санал юм.

  • Судалгаанд 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ
  • Номыг 22 зохиогч хамтран бүтээсэн байна
  • Судалгаанд 1700 оноос хойших есөн газрын зураг, архивын баримт ашигласан

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд