Жүжигчин Маколей Калкин сүйт бүсгүй Бренда Сонгтойгоо хамт Legoland зугаа цэнгэлийн паркаар аялсан үеийн шинэ зургуудыг олонд үзүүлжээ. Нийтэлсэн гэрэл зургууд дээр хосууд паркийн үзмэр, алдартай хэсгүүдийн өмнө хамтдаа зургаа авахуулсан байна.
Аяллынхаа талаар Маколей Калкин, Бренда Сонг нар “Бид хөтөчтэй аялал авахаар шийдсэн. Тэгээд бид яг жинхэнэ жуулчид шиг хувцасласнаа анзаарсан. Бүсэлхийн цүнх, хөлбөмбөгийн хүүхдээ дагадаг ээжүүдийн өмсдөг малгай шиг визор, крокс хүртэл бүгд байсан. Тиймээс эсэргүүцэхийн оронд тэр уур амьсгалд уусаж, дүрдээ оръё гэж шийдсэн. Бид паркийн үзмэрүүдийн өмнө зураг авч, селфи хийж, хэд хэдэн удаа бүр төөрсөн. Нэг сандал дээр 30 секунд орчим бүр нойр авч амжсан, үнэхээр л жуулчин болсон мэт санагдсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Маколей Калкин, Бренда Сонг нар 2017 онд Changeland киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд удалгүй үерхэж эхэлсэн юм. Хосууд одоо Дакота, Карсон нэртэй хоёр хүүтэй. Тэдний ууган хүү 2021 онд, бага хүү нь 2023 онд төрсөн байна.
Калкин 2022 онд Бренда Сонгт гэрлэх санал тавьсан ч тэд одоогоор хуримаа хийгээгүй байгаа юм.
Маколей Калкин өмнө нь өөрийн хувийн амьдралын тухай ярьж, аавтайгаа тун хүнд харилцаатай өссөнөө хуваалцаж байв. Тэрээр хүүхэд насандаа бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлтэй тулгарсан гэж ярьж байсан удаатай.




