2024 оны зургадугаар сард 16 настай охин болон 32 настай эмэгтэйн аминд хүрсэн онц ноцтой хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сард хоёр удаа болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсан. Уг шийдвэрээр шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон юм.
Харин энэ хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн давхар статустай оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханд холбогдох хэргийг ч цагаатгах шийдвэр гаргажээ.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын нөхөн төлбөрийг ч тогтоосон байна. Тодруулбал, Ц.Дагвадоржоос 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад 256 сая төгрөг, 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид 205 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн юм.
Гэвч талийгаач охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улмаар тэрбээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг материалыг одоо давж заалдах шатны шүүх рүү шилжүүлжээ. Одоогоор хэргийг хэлэлцэх хуралдааны тов гараагүй байгаа аж.
Эргэн сануулахад, 20 настай Ц.Дагвадорж 2024 оны зургадугаар сард хоёр хүний аминд богино хугацаанд хүрсэн хэрэгт холбогдсон. Эхний тохиолдол нь 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө болсон бөгөөд З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, цогцсыг нь хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нуусан байдаг. Ар гэрийнхэн болон хууль хяналтын байгууллага түүнийг эрэн хайсан ч олон хоногийн дараа л цогцсыг нь өмхийрсөн байдалтай олжээ.
Үүнээс 12 хоногийн дараа, 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө, Ц.Дагвадорж архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд амьдардаг 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрсэн. Цагдаагийн байгууллага талийгаачийн цогцсыг чемоданд хийсэн байсныг тогтоосон байдаг.
