Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хорооны нутаг дахь Намгийн сувгийг цэвэрлэлээ. Энэ үеэр сувгийн дээгүүрх гарц, гаргалгааны доод хэсэгт хуримтлагдсан мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэсэн байна.
Тус байгууллага нийслэлийн хэмжээнд нийт 165.7 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалт, арчлалтыг хариуцан ажилладаг. Иймээс хаврын улиралд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой байршлуудад цэвэрлэгээ, лаг хагшаас зайлуулах ажлыг үе шаттай хийж байгаа аж.
2026 онд 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг, хагшаас цэвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь усны урсацын хэвийн байдлыг хангах, хамгаалалтын байгууламжийн хүчин чадлыг алдагдуулахгүй байхад чиглэсэн ажил юм.
Албаныхан мөн иргэдэд дараахийг анхаарууллаа:
- Үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байх
- Ус зайлуулах байгууламжийг бөглөрүүлэхгүй байх
- Болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтран оролцох
Ийнхүү нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж, усны барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах ажлыг үргэлжлүүлж байна.
