Их Британийн Дотоод хэргийн яам Америкийн рэппер Канье Уэстийг тус улсад нэвтрэхийг хориглосон байна. Энэ талаар BBC тус байгууллагын мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Уэст энэ зун Лондонд болох Wireless хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөж байсан юм. Түүнд Нэгдсэн Вант Улсад нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд Их Британийн Дотоод хэргийн яам түүний ирэлт нь “нийгмийн эрх ашигт нийцэхгүй” гэж үзжээ.
Өмнө нь Wireless наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж байсан дөрвөн компани Уэстийг гол оролцогчоор зарласантай холбоотойгоор дэмжлэгээ цуцалсан талаар мэдээлж байв. Наадам долоодугаар сард Лондонгийн Финсбери цэцэрлэгт хүрээлэнд болох ёстой бөгөөд рэппер гурван өдөр дараалан тайзнаа гарахаар төлөвлөгдөж байсан. Уэст хамгийн сүүлд 2015 онд Их Британид болж өнгөрсөн Glastonbury наадамд оролцож байжээ.
Сүүлийн жилүүдэд рэппер нацизм, боолчлол зэрэг сэдвээр хийсэн мэдэгдлүүдээрээ байнга шуугиан тарьж, заримдаа нацист бэлгэдлийг илт харуулсан үйлдэл ч гаргаж байсан. Тухайлбал, 2025 оны тавдугаар сард тэрбээр нацист мэндчилгээ агуулсан хэллэгийг дахин дахин давтсан дуу гаргасан юм. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Уэстийг наадамд урьсныг “ноцтой түгшүүр төрүүлж байна” хэмээн үнэлж, үүнд рэпперийн “өмнөх антисемит мэдэгдлүүд болон нацизмыг магтсан байр суурь” нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Харин уран бүтээлч өөрөө Wireless наадамд оролцохтой холбоотой маргааны үеэр Их Британийн еврейн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Британийн еврейчүүдийн төлөөллийн зөвлөл Уэсттэй уулзах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн ч эхлээд тэр наадамд оролцохоосоо татгалзах ёстой гэж нэмжээ.
