“Эрин зууны бахархал Эрдэнэт” 50 жилийн ойн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит хүндэтгэлийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Үндэсний бөхийн “Монгол Улсын заан” цолтой хүчит бөхчүүдэд зориулсан уг арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 13:00 цагаас Монгол Бөхийн өргөөний хойморт эхлэх юм.
Тус барилдааны шагналын сан урьд өмнөхөөсөө өндөр тогтоогдсон нь бөх сонирхогчид болон тамирчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Түрүүлсэн бөхөд 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь өрсөлдөөнийг улам ширүүн, сонирхолтой болгох нь дамжиггүй.
Барилдаанд амжилт үзүүлсэн хүчтэнүүдэд дараах мөнгөн шагналыг олгоно:
- Түрүү бөх: 20,000,000 төгрөг
- Үзүүр бөх: 10,000,000 төгрөг
- Шөвгөрсөн бөх: 5,000,000 төгрөг
Нийт 128 хүчтэн зодоглох уг барилдаан нь “Эрдэнэт” үйлдвэрийн 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой юм. Орхон аймгийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын заан цолны нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөх, ахмад болон залуу үеийн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

