Урин дулаан цаг эхэлж, сурагчдын амралт эхэлснээр хүүхэд багачууд гадаа тоглох нь нэмэгдэж, нохойд хазуулах тохиолдол эрс өсч байгааг ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Мөнхтөр онцолж байна. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа.
– Хүүхдүүд нохойд хазуулах нь нэмэгдсэн гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж хэлнэ үү?
– Сурагчдын амралт эхэлмэгц бага насны хүүхдүүдийн дунд нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдсэн. Манай эмнэлэгт бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзэхэд ихэнх нь 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн олон байна. Энэ насны хүүхдүүд амьтны ааш, аюулын талаар мэдлэг дутмаг байдаг бөгөөд үүнд эцэг эхийн хараа хяналт сул байдал шууд нөлөөлж байна.
– Хүндэрсэн тохиолдол хэр их гарч байна?
– Хазуулсан хэсэг болон гэмтлийн ноцтой байдлаас шалтгаалан эмчилгээний төвөгтэй байдал харилцан адилгүй. Хөл, гар, толгой, нуруу зэрэг хэсгүүд хамгийн их өртөж байна. Саяхан л гэхэд охин өөрийнхөө нохойд найзтайгаа хамт байхад хазуулж, шилбэний яс нь хугарсан тохиолдол гарсан. Үүний адил ихэнх тохиолдол эзэнтэй айлын нохой, заримдаа бүр өөрийнх нь нохой хазаж байгаа нь анхаарал сул байгаагийн илрэл юм.
– Манайхан нохойд хазуулсныг төдийлөн хүндээр авч үздэггүй. Энэ хандлага ямар хор уршигтай вэ?
– Нохойд хазуулсны дараа “ямар ч юмгүй, жаахан л шалбарчихлаа” гэж эмнэлэгт хандахгүй өнгөрөх тохиолдол маш түгээмэл. Гэтэл ингэж хандах нь галзуугийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд цааш хүндэрвэл амь насанд ч хүргэж болзошгүй. Тиймээс ямар ч жижиг шарх байсан ч заавал эмчид үзүүлж, вакцинжуулалт хийлгэх ёстой.
– Урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юу вэ?
– Бага насны хүүхдүүдэд нохой бол амьтан гэдгийг ойлгуулж, сүүл, чих татах зэрэг өдөөн хатгасан үйлдэл хийхээс зайлсхийлгэх хэрэгтэй. Ялангуяа олноороо яваа нохойд ойртож болохгүй. Харин нохой тэжээдэг хүмүүс хошуувч, хүзүүвч зүүж, бусдын аюулгүй байдлыг хангасан байхаас гадна хүүхдүүдийн хажууд сэрэмжтэй байж, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. 5–9 насны хүүхдүүдийн хазуулж буй тохиолдол их байгаа нь эцэг эхийн хайхрамжгүй хандлагын үр дүн гэж хэлж болно.