Бодхана Сиванандан гроссмейстерийг хожив
Их Британийн 11 настай шатарчин Бодхана Сиванандан 38 жил хадгалагдсан дэлхийн рекордыг шинэчилжээ. The Guardian-ийн мэдээлснээр, тэрээр 2600-аас дээш рейтингтэй гроссмейстерийг ялсан хамгийн залуу охин болсон байна.
Сиванандан Францын Экс-ан-Прованс хотод болсон Dole Trophy тэмцээний эхний тойрогт 19 настай Францын гроссмейстер Марк-Андриа Маурицциг хожжээ. Мауриццигийн рейтинг 2628 бөгөөд тэрээр 2023 онд 20 хүртэлх насны шатарчдын дэлхийн аварга болж, одоо Францын аваргын цолтой юм.
Юдит Полгарын амжилтыг давлаа
Тоглолтын эхний 27 нүүдлийн турш давуу байдал Мауриццид хадгалагдаж байжээ. Гэвч дараа нь тэр алдаа гаргаж, Сиванандан комбинаци хийснээр өрсөлдөгчийнхөө бэрсийг хожих боломжтой болсон байна.
Тухайн тоглолтын үед Сиванандан 11 нас дөрвөн сартай байв. Өмнөх рекордыг Унгарын домогт шатарчин Юдит Полгар эзэмшиж байсан. Тэрээр 1988 онд 12 нас хоёр сартайдаа гроссмейстер Лайош Портишийг ялж байжээ.
Мөн Сиванандан 2600-аас дээш рейтингтэй гроссмейстерийг хожсон түүхэн дэх тав дахь хамгийн залуу тоглогч болсон байна. Зургаан тойргийн дараа тэр гурван оноотой болж, эмэгтэй гроссмейстерийн хоёр дахь нормын төлөө өрсөлдөөнөө үргэлжлүүлжээ.
