Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал бичиж, дайн дажныг зогсоох зорилгоор нүүр тулан уулзах тодорхой цаг хугацааг товлох санал тавьжээ. Тэрбээр уг уулзалтыг төрийн тэргүүнүүдийг уулзуулж, зуучлал хийдэг уламжлалт туршлагатай Швейцар, Турк эсвэл Арабын орнуудад зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн уулзалтад аюулгүй байдлын баталгаа болох үүднээс Европын төлөөлөгчдийг оролцуулж болохыг дурдсан байна.
Захидалд дурдсан гол үндэслэлүүд ба анхааруулга
В.Зеленский захидалдаа түүхэн болон өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлыг дурдаж, ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан хэд хэдэн хатуу байр суурийг илэрхийлжээ:
- Удирдагчдын үүрэг хариуцлага: Эрт дээр үеэс хамаг чухал асуудлыг зөвхөн улс орны удирдагчид л нүүр тулан шийдэж ирсэн бөгөөд одоо ч тийм байна.
- Дотоод уур амьсгал: Оросууд дайны ажиллагаанд дургүйцэж эхэлсэн төдийгүй тус улсын албан хаагчид, бизнес эрхлэгчид, сурталчлагчид бүгд удирдагч руугаа “ядарсан харцаар” харж байна.
- Цэргийн хохирол: ОХУ дайны талбарт сар болгон 30 мянган цэргээ алдаж, дайн тус улсад дандаа муу муухайг авчирч байна.
- Хувийн дайн: НАТО, геополитик, орос хэл гэх мэт хэчнээн шалтаг тоочсон ч энэ бол ямар ч шалтгаангүй эхлүүлсэн В.Путины хувийн дайн бөгөөд түүхэнд ингэж л бичигдэж үлдэнэ.
- Түүхийн сургамж: Орос улс туйлдан ядрахаараа дотооддоо хувьсгал хийдэг түүхэн баримт бий. Иймд энэ нь Украины сүрдүүлэг биш бөгөөд цаашид ОХУ биш, харин В.Путин өөрөө амьд үлдэхийн төлөө тэмцэх нөхцөл үүсэж байгааг анхааруулжээ.
