Орон сууцны хороолол, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол болон банкны АТМ байрлах хэсгүүдэд хяналтын камерын хараа хяналт сул байгааг ашиглан сэжигтэй QR код, бичиглэл байрлуулах тохиолдлууд илэрч байна. Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) энэхүү шинэ төрлийн эрсдэлийн талаар иргэдэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
Эдгээр нууцлаг код болон цахим холбоосууд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус борлуулалт, сурталчилгааны суваг байх өндөр магадлалтайг хууль хяналтын байгууллагаас онцолж байна. ЦЕГ-аас гаргасан албан ёсны мэдэгдэлд:
“Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль бус сурталчилгаа, борлуулалтын суваг байх эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Дээрх гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх сурвалжаас авсан мэдээлэл болон хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдийг тогтоох, таслан зогсоох ажиллагааг явуулж байна” хэмээн дурджээ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба зөвлөмж
Цагдаагийн байгууллагаас иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хандан дараах зөвлөмжийг хүргүүлж байна:
- Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай дахь хууль бус QR код, наалт, бичиглэлийг нэн даруй арилгах шаардлагатай.
- Үл таних, сэжигтэй цахим холбоос болон QR кодыг гар утсаараа уншуулахаас зайлсхийх хэрэгтэй.
- Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн эрсдэлийг тайлбарлаж, тэдний цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.
- Сэжигтэй бичиглэл, наалт харсан тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарт эсвэл Хар тамхитай тэмцэх албаны 11-16 утсаар мэдээлэх боломжтой.
Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгалахаа мэдэгдлээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, эрүүл нийгмийг төлөвшүүлэхэд иргэн бүрийн идэвхтэй оролцоо, сонор сэрэмж хамгаас чухал болоод байна.
