Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас (ЭСЯ) урд хөршид зорчих иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тус улсын хил, гаалийн хууль тогтоомж нь хориглосон бараа, зэвсэг хэрэгслийн хууль бус эргэлтэд өндөр хатуу шийтгэл оногдуулдаг тул болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг нийт зорчигчдод анхааруулсан байна.
Иргэдийн анхаарах үндсэн зөвлөмжүүд
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас дараах шаардлагыг чанд биелүүлэхийг уриаллаа. Үүнд:
- Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон бусад хуулиар хориглосон эд зүйлийг БНХАУ-ын хилээр ямар ч тохиолдолд нэвтрүүлэхгүй байх,
- Хил гарахаас өмнө хувийн эд зүйлс, ачаа тээш болон унаж яваа тээврийн хэрэгсэлд хориотой буюу хязгаарлалт тогтоосон зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан шалгах,
- Бусдын дайвар ачаа, илгээмж, эд зүйлийг доторх агуулгыг нь шалгаж үзэлгүйгээр хил давуулан тээвэрлэхээс эрс татгалзах,
- Хил, гаалийн хууль тогтоомж зөрчвөл зөрчлийн нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах.
БНХАУ-ын хуулиар бүх насаар нь хорих ял оноох зохицуулалттай
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн этгээдэд долоон жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгууль ногдуулах эсвэл эд хөрөнгийг нь хураахаар заажээ. Түүнчлэн хөнгөн нөхцөлд 3–7 жилийн хорих ял оноодог бол онц хүнд гэмт хэрэгт тооцогдвол бүх насаар хорих ял оногдуулах хатуу хуулийн заалттай байдаг аж.
Иргэд анхаарал сэрэмж алдах, хайхрамжгүй байдлаар бусдын шалгаагүй ачаа тээшийг дайж авч явах нь тухайн улсад эрүүгийн хүнд хэрэгт тооцогдож, урт хугацааны хорих ял шийтгүүлэх өндөр эрсдэлийг дагуулдаг. Иймд урд хөршид зорчихдоо хувийн эд зүйлсээ тогтмол нягталж, тухайн улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөх нь иргэн бүрийн хувийн аюулгүй байдлын баталгаа болно.
