Богдхан уулын дархан цаазат газарт зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух ажлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аялагчдыг тухайн хугацаанд ажиллагаа явуулах бүсүүдэд ууланд алхах, аялал хийхээс зайлсхийхийг анхааруулсан байна.
Уг арга хэмжээг дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх орчныг хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Зайсан, Нүхт, Хүрэлтогоот зэрэг 12 байршилд ажиллана
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр, зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух ажиллагааг Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурах аманд зохион байгуулах аж.
Эдгээр байршилд мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах тул арваннэгдүгээр сарын 11-13-ны хооронд иргэд, оршин суугчид болон аялагчдыг тухайн бүсэд зорчихгүй байхыг зөвлөжээ.
Зэрлэгшсэн нохойтой таарвал ойртохгүй байхыг анхааруулав
Ажиллагааны үеэр иргэдийг гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналтгүй сул тавихгүй байх, бага насны хүүхдийг уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байхыг сануулсан байна.
Түүнчлэн зэрлэгшсэн нохойтой таарсан тохиолдолд ойртох, үргээх, барих гэж оролдохгүй байхыг анхааруулжээ. Аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, байгаль хамгаалах байгууллагын ажилтнуудын өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөх шаардлагатайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
