Сингапур улсад зохион байгуулагдах “PGL Major 2026” тэмцээний өмнөх томоохон сорилт болох 1.25 сая ам.долларын шагналын сантай CS2 төрлийн “IEM Beijing 2026” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо албан ёсоор эхэллээ. Дэлхийн шилдэг багууд өрсөлдөж буй тус тэмцээнд Ази тивийн чансааг тэргүүлэгч Монголын “The MongolZ” баг амжилттай гараагаа эхлүүлж, хэсгийн шатнаас шууд хасагдах шат (плей-офф)-нд шалгарах болзлыг хангаад байна.
Дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн: FURIA тэргүүлж, NAVI шуугиан тарив
Тэмцээний гол фаворитуудаар нэрлэгдэж буй багууд эхний тойргоос эхлэн хүчтэй тоглолтоо үзүүлж байна. Сүүлийн саруудад “Thunderpick World Championship 2026” болон “PGL Masters Bucharest 2026” тэмцээнүүдэд дараалан түрүүлж, дэлхийн VRS чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Бразилын FURIA баг “FaZe Clan”-ыг 2:1-ээр ялж амбицаа бататгалаа. Түүнчлэн шинэ бүрэлдэхүүнээрээ тогтвортой тоглолт үзүүлж буй “MOUZ” баг TYLOO болон BetBoom багуудыг тус бүр 2:0-ээр буулган авснаар плей-оффын эрхээ авсан юм.
Нөгөө талд “Natus Vincere” (NAVI) тэмцээний хамгийн том шуугианыг тарьж, дэлхийн аварга “Falcons” багийг 2:0-ээр илт давуу яллаа. Тоглолтын явцад NAVI-гийн мэргэн бууч Ихор “w0nderful” Жданов гайхалтай тоглолт үзүүлж, Ancient map дээр 2.24 үнэлгээ авснаар өрсөлдөгч багийнхаа одод бүхий бүрэлдэхүүнийг бүрэн дарж чаджээ.
“The MongolZ” дараалсан ялалтаар плей-оффт шалгарлаа
Дасгалжуулагч Э.Эрдэнэдалай (maaRaa)-гаар удирдуулсан “The MongolZ” багийн хувьд бүрэлдэхүүндээ У.Анаарбилэг (cobrazera), Г.Есөнтөмөр (nin9) нарыг эргүүлэн авчирсан нь бодит үр дүнгээ өгч байна. Тэд саяхан “1win Private Club Season 2” тэмцээнд түрүүлж, улмаар Бухарестын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа Сингапурын Мажорын хоёрдугаар шатанд шууд оролцох эрхээ баталгаажуулаад байсан юм.
Тус баг Бээжингийн тэмцээний А хэсгийн эхний тоглолтод Бразилын “Legacy” багийг 2:1 харьцаатай буулган авсан бөгөөд мэргэн бууч Б.Өсөхбаяр (910) 1.30 үнэлгээтэйгээр тоглолтын шилдэг болсон байна. Улмаар хоёр дахь өдөр Данийн шинэчлэгдсэн хүчирхэг бүрэлдэхүүн болох “HEROIC” багтай учраа таарч, өөрсдийн сонгосон Inferno map дээр 13:7-оор итгэл төгс ялсан бол шийдвэрлэх Nuke map дээр хоёр нэмэлт цаг (overtime) сунган өрсөлдөгчөө буулган авчээ. Ингэснээр манай залуус хэсгийнхээ дээд хүснэгтийн финалд шалгарч, цаашлаад хагас шигшээ тоглолтод шууд хүрэх том давуу талыг олж аваад байна.
Дэлхийн шилдэг мэргэжлийн багууд цугласан Бээжингийн дэвжээнд Азийн бүсийг төлөөлөн гарч буй “The MongolZ” баг чансаа өндөр өрсөлдөгчдөө дараалан буулган авч байгаа нь тэдний тактикийн олон талт байдал, сэтгэл зүйн тогтвортой байдлыг батлан харуулж байна. Энэхүү тэмцээн нь оны төгсгөлд болох дэлхийн аваргын өмнөх хамгийн чухал бэлтгэл, чансаа ахиулах сорилт болж байгаа бөгөөд манай тамирчид дэлхийн шилдэг Tier-1 түвшний өрсөлдөөнд өөрсдийн байр сууриа улам бүр бэхжүүлж байна.
Follow the IEM Beijing 2026 tournament thrill and support 1xBet The MongolZ!
