Нийслэлийн иргэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн нөхцөл байдлыг цахимаар шууд хянах боломжтой болжээ. Тодруулбал, open.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан замын хөдөлгөөний мэдээлэл, камерын хяналтын дүрс болон зорчих хугацаатай холбоотой үзүүлэлтүүдийг харах боломж бүрдсэн байна.
Тус системээс гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал, тээврийн хэрэгслийн дундаж хурд, тодорхой чиглэлд зорчиход шаардагдах хугацааны мэдээллийг авах боломжтой аж. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн статистик үзүүлэлтүүдийг нэг дороос харахаар болжээ.
Замын хөдөлгөөний ачааллыг өмнөх өдрүүдтэй харьцуулж болно
Иргэд open.ulaanbaatar.mn цахим хуудасны “Traffic” хэсэгт нэвтэрснээр замын хөдөлгөөний эрчим, ачааллын өөрчлөлтийг өмнөх өдрүүдийн үзүүлэлттэй харьцуулан харах боломжтой байна. Түүнчлэн цаг агаарын мэдээлэл болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын шинэчлэгдсэн үзүүлэлтүүдийг цахимаар авах боломжтой аж.
Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс иргэдийг гэр, ажил болон бусад чиглэлд зорчихоосоо өмнө тухайн замын хөдөлгөөний мэдээллийг шалгаж, маршрутаа сонгох, зорчих хугацаагаа төлөвлөхийг зөвлөжээ. Ингэснээр жолооч, зорчигчид замын ачааллын талаарх мэдээлэлд үндэслэн хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.
