Энэтхэг улс архины хэрэглээний өсөлтийн хурдаар АНУ болон Хятадыг гүйцэж, 2026 оны эхний хагас жилд хэрэглээ нь 10%-иар нэмэгджээ. Энэ талаар дэлхийн согтууруулах ундааны зах зээлийн судалгаа, шинжилгээгээр мэргэшсэн IWSR компанийн мэдээллээс эш татан The Times of India мэдээлсэн байна. IWSR-ийн хянадаг 21 улсын дундаас Энэтхэг л согтууруулах ундааны бүх ангилалд хэрэглээ нь өссөн цорын ганц улс болжээ.
Хамгийн өндөр өсөлт дараах ангиллуудад бүртгэгдсэн байна:
- хүчтэй шар айраг — +16%
- бэлэн коктейль (RTD) — +12%
- хольцтой шотланд виски — +8%
- архи болон жин — +6%
- Энэтхэг виски — +4%
- ром болон коньякаас бусад бренди — +3%
Харин хамгийн огцом өсөлт согтууруулах ундааны бус ангилалд гарч, согтууруулахгүй шар айргийн хэрэглээ 25%-иар нэмэгджээ.
“Энэтхэг дэлхийн согтууруулах ундааны салбарын хамгийн чухал зах зээлүүдийн нэг хэвээр байна” гэж IWSR-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Мартен Лодевикс мэдэгдсэн байна.
Согтууруулах ундааны хэрэглээний өсөлтөөр Энэтхэгийн дараа:
- Колумб — +9%
- Өмнөд Африк — +5%
- Бразил — +3%
- Их Британи — +2% гэж жагсжээ.
Гэхдээ дэлхийн архины хэрэглээний 76%-ийг бүрдүүлдэг эдгээр 21 улсын нийт хэрэглээ 2026 оны эхний хагаст 1%-иар буурсан байна. Энэхүү бууралт үндсэндээ Хятад болон АНУ-аас шалтгаалжээ. АНУ-д согтууруулах ундааны хэрэглээ 4%-иар, Хятадад 3%-иар буурсан байна. Харин энэ хоёр улсыг тооцохгүй бол бусад орнуудын хэрэглээ нийлбэрээрээ 1%-иар өсжээ.
GLP-1 эм, инфляц хэрэглээнд нөлөөлж байна
Лодевиксийн хэлснээр, дэлхийн хэмжээнд архины хэрэглээ буурч буйг IWSR хэмжээ хязгаартай хэрэглэх хандлага болон GLP-1-д суурилсан жин бууруулах эмийн хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. Мөн АНУ-ын хэрэглэгчдэд инфляц болон тарифын дарамт нөлөөлж байгаа бол Хятадад эдийн засгийн өсөлт саарсан нь эрэлтэд сөргөөр нөлөөлжээ.
