Нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглах аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааны хүрээнд БНХАУ-аас ирүүлсэн эхний загвар техникийн шаардлага хангаагүй тул хүлээн авахаас татгалзжээ.
Уг худалдан авалтад 2025-2026 оны нийслэлийн төсвөөс нийт 6.7 тэрбум төгрөг тусгасан байна. Тендерийн сонгон шалгаруулалт явуулж, нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцөлөөр эхлээд нэг ширхэг тоног төхөөрөмжийг шалгаж, шаардлага хангасан тохиолдолд үлдсэн нийлүүлэлтийг хийхээр тохиролцжээ.
Автомат тохируулгын шаардлага хангаагүй байна
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатын мэдээлснээр, нийлүүлэгчээс танилцуулсан тоног төхөөрөмж нь тендерийн техникийн тодорхойлолт болон ажлын даалгаварт заасан үзүүлэлттэй нийцээгүй байна. Иймээс тухайн төхөөрөмжийг хүлээн аваагүй бөгөөд гэрээнд тусгасан шаардлагыг хангасны дараа худалдан авалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Тодруулбал, аяга таваг угаагч, ариутгагч төхөөрөмж автомат тохируулгатай байх ёстой ч БНХАУ-аас нийлүүлсэн загварт энэ боломж дутуу байсныг холбогдох албаныхан тайлбарлав.
Нийт 1,011 төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ) ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзоригийн мэдээлснээр, техникийн шаардлагыг хангахын тулд БНХАУ-ын нийлүүлэгч компанид автомат зайлагчийг нэмэлтээр захиалан үйлдвэрлүүлж байгаа аж.
Тэрбээр нийлүүлэгч компаниас нийт 1,011 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авахаар төлөвлөснийг мэдээлжээ. Эдгээр төхөөрөмжийг Монголд угсарч, цэцэрлэгүүдэд хүргэхээр зохион байгуулж байгаа юм.
Одоогоор эхний загварын техникийн шаардлагын зөрүүг арилгах ажил хийгдэж байгаа бөгөөд төлөвлөсөн 1,011 төхөөрөмжийн нийлүүлэлт хараахан хийгдээгүй байна.
