Захиалгын тоо нь компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан тул “Tesla” компани “Cybertruck” цахилгаан пикапын урьдчилгаа төлбөрийг олон худалдан авагчид буцаан олгоход хүрнэ гэж тус компанийн тэргүүн Илон Маск мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт тус компани Техас дахь үйлдвэртээ уг пикапын үйлдвэрлэлийг зогсоож байгаагаа зарласан юм. Энэ тухай Илон Маск “X” цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн ба “Reuters” агентлаг уламжиллаа.
Америкийн зохион бүтээгч: «Ойролцоогоор найман сарын дараа үйлдвэрлэлийн шугамыг хаахаас өмнө бид аль болох олон машин үйлдвэрлэхийг хичээх болно, гэхдээ олон хүнд урьдчилгаа мөнгийг нь буцаан өгөх шаардлагатай болно» хэмээн тэмдэглэжээ.
Үүнээс өмнөхөн тэрээр ирэх онд үйлдвэрлэлийн шугамыг буулгахаас өмнө үлдсэн “Cybertruck”-ийн захиалгуудыг гүйцээж нийлүүлэхийн тулд “Tesla” нэмэлт ажлын ээлж гаргана гэж мэдээлж байсан юм.
“Tesla”-ийн тэргүүн үйлдвэрлэлийг зогсоох тухай шийдвэрээ 11 дүгээр сарын 6-нд зарласан байна. Пикапын үйлдвэрлэлийг 2027 оны дунд үе гэхэд бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд суларсан хүчин чадлыг жолоочгүй тээврийн салбарт тус компанийн гол хөзөр болоод буй “Cybercab” роботаксины үйлдвэрлэлд чиглүүлэх аж.
“Tesla” компани “Cybertruck”-ийг 2023 оны сүүлчээс нийлүүлж эхэлсэн ч уг пикапын эрэлт хүлээлтээс хамаагүй доогуур байв. Автомашины зах зээлийн лавлах “Kelley Blue Book”-ийн мэдээллээр өнгөрсөн онд АНУ дахь “Cybertruck”-ийн борлуулалт 48 хувиар буурч, 20,237 ширхэгт хүрчээ. Харин Маск өмнө нь тус загварын жилийн борлуулалт 250 мянган автомашинд хүрнэ гэж таамаглаж байсан билээ.
“Tesla” компани дөрөвдүгээр сард “Giga Texas” үйлдвэртээ “Cybercab”-ийн цуврал үйлдвэрлэлийг эхлүүлсэн юм. Энэ нь жолооны хүрд болон гишгүүргүй, бүрэн автомат жолоодлоготой хоёр хүний суудалтай такси юм. Маск уг автомашины анхны загварыг (прототип) 2024 оны намар танилцуулж байсан бөгөөд тухайн үед “Cybercab”-ийг 2027 онд 30 мянган ам.доллароос хямд үнээр худалдаанд гаргана гэж амлаж байжээ.
