Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Сэлбэ голын далан дагуух тохижилтын ажлын чанар болон гүйцэтгэлд иргэд туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэллээ. Бүтээн байгуулалтын явцыг газар дээр нь очиж ажигласан иргэд гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг хариуцлагагүй байна хэмээн үзэж, олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Уг төслийн хүрээнд Дунд голын эхээс Натурын гүүр хүртэлх 1.4 км урттай талбайд үерийн түшиц хана барих үндсэн ажил өнгөрсөн есдүгээр сард бүрэн дуусаж, ажлаа хүлээлгэн өгсөн юм. Үүний дараа тухайн орчныг иргэдэд ээлтэй болгох дараагийн шатны ажлыг “Силла групп” хариуцан авсан бөгөөд төслийг ирэх зургаадугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс тус далан дагуу дараах тодорхой ажлуудыг хийх үүрэг хүлээжээ.
- Явган хүний болон дугуйн зам тавих
- Ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийх
- Орчны гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэх
Амласан хугацаа нь дөхөж буй эл ажлын бодит үр дүнд олон нийт эргэлзэж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцууллаа хэмээн харамсаж байна. Тухайлбал, иргэн Б.Энхмөнх голын голдирлын дагуух бүтээн байгуулалтыг шүүмжлэхдээ “Сэлбэ голын далангийн ажлын тохижилт хэсгийг нүдээр үзэж шүүрс алдаж байгаад л ирлээ. хайран төсөв, хайран хөдөлмөр, хайран цаг зав, хайран ч татвар төлөгчдийн мөнгө” хэмээн өөрийн байр сууриа хатуу илэрхийлжээ.
