ОХУ болон БНАСАУ-ын хилийг дамнасан анхны авто замын гүүр албан ёсоор нээлтээ хийлээ. Нэг километр орчим урттай уг бүтээн байгуулалт нь Түмэн голыг дамнан ОХУ-ын Алс Дорнодын Хасан болон БНАСАУ-ын Туманган боомтуудыг шууд холбож байна.
Хилийн алслагдсан, хүн ам сийрэг бүсэд баригдсан уг гүүрийг нээх ёслолд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин цахимаар оролцлоо. Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлснээр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи болон соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээс гадна аялал жуулчлалын салбарыг дэмжиж, шинээр ажлын байр нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтойг онцолсон юм. Ашиглалтад орсон энэхүү авто замын сүлжээ нь хоёр орны ачаа болон зорчигч тээврийн урсгалыг эрс нэмэгдүүлэх хүлээлттэй байна.
Түүхэн зүтгэлтний нэрэмжит бүтээн байгуулалт
Шинэ авто замын гүүрийг Зөвлөлтийн офицер Яков Новиченкогийн нэрэмжит болгон нэрлэжээ. Яков Новиченко нь БНАСАУ-ыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений амь насанд халдахыг завдсан хэрэг явдлын үеэр түүнийг аварсан түүхтэй тул Хойд Солонгосын түүхэнд онцгой ач холбогдолтой зүтгэлтэн гэгддэг юм.
