Нийслэлийн захиргаанаас хууль бусаар бусдын мэдэлд очсон өмч хөрөнгөө эргүүлэн авах чиглэлээр сүүлийн хоёр жилийн турш тууштай ажиллаж, тодорхой үр дүнд хүрээд байна. Энэхүү ажлын хүрээнд 2024-2025 онд нийслэлийн харьяаны 15 барилга, байгууламжийг хотын өмчлөлд албан ёсоор эргүүлэн шилжүүлж авлаа. Ингэснээр нийслэлийн өмчийн ашиглалт, менежмент эрс сайжирч, хотын төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээ үлэмж хэмжээгээр өссөн байна.
Өмч хөрөнгийг эргүүлэн авснаар төсөвт үзүүлсэн санхүүгийн үр өгөөжийг дараах үзүүлэлтээс харж болно:
- Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2024 онд хотын төсөвт 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
- 2025 онд төсвийн төвлөрүүлэлт 18 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос хоёр дахин гаруй өсжээ.
- Нийслэл 2024-2025 оны хооронд нийт 15 барилга, байгууламжийг хууль ёсны дагуу буцаан авсан.
Алдагдсан хөрөнгийг сэргээх ажил 2026 онд ч эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд хамгийн сүүлд “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө бүртгэж авлаа. Хэдийгээр тус объектыг хотын мэдэлд буцаах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч бодит ажил хэрэг болж чадалгүй өнөөг хүрсэн байдаг. Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны аравдугаар сард “Өргөө” зочид буудлыг буцаан авахаа анх мэдэгдэж, улмаар 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус объектыг чөлөөлөх шаардлагыг хүргүүлснээр энэхүү асуудал эцсийн цэгтээ хүрчээ.
Өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ албан ёсоор бүртгэгдсэн болохыг онцлон тэмдэглэв. Энэ нь нийслэлийн алдагдсан өмчийг цэгцлэх ажлын нэг томоохон үр дүн болж байна. Тэрбээр цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг хотын өмчлөлд эргүүлэн авахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр давхар мэдэгдсэн юм.
