Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн анхны хурлаа цахим болон танхим хосолсон хэлбэрээр хийж, байгууллагын бүтэц болон ирэх жилүүдийн наадмуудын бэлтгэлтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг баталлаа. Тус хурлаар МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. Мөн олон улсын жишигт нийцүүлэн Ерөнхий менежерийн орон тоог шинээр нэмж, үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох салбар комиссуудыг байгуулахаар тогтжээ.
Энэ оны есдүгээр сард Японы “Айчи-Нагояа 2026” хотноо болох Азийн наадамд Монгол Улсаас 500 гаруй тамирчин хүч үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэмцээн олон хотод зэрэг явагдах онцлогтой юм. Үүнтэй холбогдуулан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дээр нэмж Х.Баттулгыг багийн ахлагчаар томилсон байна. Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын бэлтгэлийг эртнээс системтэйгээр эхлүүлэх үүднээс Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч Я.Содбаатарыг олимпын багийн ахлагчаар баталлаа.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гол ажлуудыг тоймловол:
- МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-нд хийхээр болов.
- “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Х.Булгантуяа, Х.Баттулга нар багийг ахална.
- “Лос Анжелес-2028” олимпын багийн ахлагчаар Я.Содбаатар ажиллана.
- Олон улсын жишгийн дагуу Ерөнхий менежерийн орон тоог шинээр баталлаа.
МҮОХ-ны шинэ бүрэлдэхүүн ийнхүү ирэх дөрвөн жилийн циклийг төлөвлөж, олимпын бэлтгэл ажлыг эртнээс системтэй эхлүүлж байна. Ерөнхий менежерийн албан тушаал бий болгосноор олимпын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг олон улсын стандартад ойртуулах боломж бүрдэж байгаа юм.
