Дэлхийн өгөгдөл болон хиймэл оюуны салбарт өөрийн орон зайгаа тамгалж яваа монгол инженер Ч.Алтан-Өлзий олон улсад өндрөөр үнэлэгдлээ. Тэрбээр салбарынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчдыг тодруулдаг HotTopics Global CDO 100 жагсаалтын 2026 оны шагналтнуудын нэгээр албан ёсоор нэрлэгдсэн байна.
Дэлхийн гигантуудтай нэг жагсаалтад багтсан нь
Нэр хүндтэй жагсаалтад багтсан талаараа тэрбээр олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Энэхүү жагсаалтад JPMorgan Chase, Mastercard, Visa, The Coca-Cola Company, BMW Group, Deutsche Bank зэрэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын Өгөгдөл хариуцсан захирлууд (Chief Data Officer) багтсан бөгөөд тэдэнтэй нэг жагсаалтад нэрлэгдсэндээ үнэхээр их баяртай, талархалтай байна. Олон улсын хэмжээнд ийн үнэлэгдэнэ гэж үнэндээ төсөөлөөгүй учраас энэ мэдээ надад маш их урам, хариуцлага өглөө” гэж бичсэн юм.
Мэргэжлийн туршлага ба цаашдын зорилго
Инженер Ч.Алтан-Өлзийн хувьд өмнө нь Монголбанк болон санхүүгийн салбарын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр тухайн үед дараах чиглэлүүдээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байжээ.
- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт;
- Хиймэл оюуны технологийн шийдлүүд;
- Дижитал шилжилтийн стратеги.
Тэрбээр одоо төрийн бодлогын түвшинд эдгээр чиглэлийн ажлуудад оролцож байгаагаа дурдсан байна. Цаашдын зорилгынхоо талаар тэрбээр “Цаашид ч өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр тасралтгүй суралцаж, судалж, бүтээж, Монголынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээн ажиллах болно” хэмээн мэдэгджээ.
Сонирхуулахад, HotTopics Global CDO 100 нь дэлхийн хэмжээний байгууллагуудын өгөгдөл хариуцсан удирдах албан тушаалтнуудын манлайлал, инновац, байгууллагын өгөгдлийн стратегид оруулсан хувь нэмрийг үнэлдэг нэр хүндтэй жагсаалт юм. Энэхүү баяртай мэдээ нь манай улсын технологийн салбарын залууст асар том урам зориг өгч байна.
