Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долдугаар сарын 28-ны өдрийн /Мягмар/ 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох долоон баллын чичиргээ бүртгэгдсэн байна.
Гамшгийн дараа Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан талаар мэдээлэгджээ. Мөн худалдааны төвд олон хүн гацсан, хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдсан, зарим газарт цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүссэн байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлтэй гэж үзэн сэрэмжлүүлэг гаргажээ. Харин далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалсан байна.
Үүний зэрэгцээ Күмамото мужид 17:08 болон 19:03 цагийн орчимд дахин таван баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ. Энэ нь газар хөдлөлтийн идэвхжил үргэлжилж байгааг харуулж байгаа бөгөөд Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан чичирхийлэл гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Монгол Улсын иргэдэд өгч буй сэрэмжлүүлэг:
- Японы эрх бүхий байгууллагын заавар, сэрэмжлүүлгийг тогтмол дагах
- Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн, эргийн бүсээс хол байх
- Онцын шаардлагагүй бол гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх
- Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх
- Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны заавраар нүүлгэн шилжүүлэх байранд очих
Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэдийг анхаарал болгоомжтой байж, албан ёсны мэдээлэлд тулгуурлан хөдөлгөөн хийхийг зөвлөжээ. Одоогоор Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд гамшигт өртсөн гэх мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдож туслалцаа авах боломжтой юм.
