НүүрУлс төрХотын дарга Б.Пүрэвдагва авто замын түгжрэлийг бууруулах иж бүрэн бодлого, шийдлүүдээ танилцууллаа

Хотын дарга Б.Пүрэвдагва авто замын түгжрэлийг бууруулах иж бүрэн бодлого, шийдлүүдээ танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотод давхардсан тоогоор өдөр бүр 3.1 сая зорчилт хөдөлгөөн хийгдэж, 800 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцсоноор иргэд хоногт дунджаар гурван цагийг түгжрэлд алдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хотын авто замын түгжрэлийн суурь шалтгаан болон түүнийг шийдвэрлэх цогц бодлогоо олон нийтэд танилцууллаа.

Нийт зорчилт хөдөлгөөний 74.5 хувь нь ажил, сургуультай холбоотой байдаг нь түгжрэл зөвхөн автомашины тооноос бус, нийгмийн ба боловсролын үйлчилгээний байршил, хүртээмжээс шууд хамаарч байгааг судалгааны дүн харуулсан байна. Үүнд үндэслэн нийтийн тээвэр, сургуулийн байршил, авто зам болон их багтаамжийн тээврийн хэрэгслийг нэгдсэн нэг стратегээр уялдуулан хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн шинэчилсэн сүлжээ ба “Sky Shuttle” систем

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй бүсэд 363,458 иргэн амьдарч байгаа бөгөөд тэдэнд зориулж нийтийн тээврийн 16 шинэ чиглэлийг нэмж, 27.3 километр замын шинэ сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү парк шинэчлэлийн хүрээнд 60 цахилгаан их багтаамжийн автобус, 50 сургуулийн автобус болон 46 дунд багтаамжийн автобусыг ашиглалтад оруулснаар 2023 онд 24 хувьтай байсан нийтийн тээврийн ашиглалтыг 2028 он гэхэд 56 хувьд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн Хятадын “BYD” компанитай хамтран “Sky Shuttle” их багтаамжийн тусгай зам замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлсэн бөгөөд энэ нь метро, тусгай замын автобус, трамвай, дүүжин замын зангилаатай нэгдмэл сүлжээ болон ажиллах юм.

Сургуулиудын байршлыг ойртуулж, хөдөлгөөний ачааллыг бууруулах нь

Сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр нийслэлийн авто замын зорчилт 45.3 хувиар буурдаг судалгаанд үндэслэн хотын хэмжээнд 70,080 хүүхдийн багтаамжтай 84 сургуулийг үе шаттайгаар барихаар төлөвлөсөн байна. Үүнээс ачаалал хамгийн өндөр байгаа 44 сургуулийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж, 11 сургуулийг Азийн хөгжлийн банкны, 33 сургуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр барихаар болов. Мөн энэ хичээлийн жилээс “Гэрт ойр сургууль” төслийг 21 сургуульд хэрэгжүүлж 8,736 хүүхдийг хамруулснаас гадна ачаалал ихтэй 1 болон 23 дугаар сургуулийн салбаруудыг хотын захаар байгуулан, төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулахаар ажиллаж байна.

Дэд бүтцийн шинэчлэл ба хиймэл оюунд суурилсан ухаалаг удирдлага

Авто замын сүлжээг тэлэх чиглэлээр нийслэлд 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам болон 33.6 км замын засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид 158.8 км авто зам шинээр барихаар төлөвлөөд байна. Хөдөлгөөний эрчмийг 42.6 хувиар нэмэгдүүлэх зорилгоор Монос, Механик инженерийн сургууль, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ар тал болон Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн таван байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон түвшний уулзвар, гүүрэн гарцуудыг барина. Түүнчлэн нийслэлийн 180 уулзварын гэрлэн дохиог шинэчлэн, 20 байршилд ухаалаг явган гарц, 10 цэгт мэдээллийн самбар байршуулж, замын хөдөлгөөнийг бодит цагийн өгөгдөл болон хиймэл оюун ухаанд тулгуурлан нэгдсэн системээр удирдахаар бэлтгэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд