Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцах үеэр шинээр бий болох хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэхээр тогтлоо. Төслийн хүрээнд 11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан байгуулж, 24 км урт, 4 км өргөн нуур бий болгох юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн уснаас гал асааж, галаас хөгжил бадраасан энэхүү томоохон бүтээн байгуулалтыг түүхэнд мөнхөлж, хойч үед өвлүүлэх зорилгоор босгосон дурсгалын бичээст хөшөөний нээлтэд оролцжээ.
Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.
90 МВт-ын хүчин чадалтай тус станц:
- Жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.
- 2030 оны тавдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ.
- Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангана.
- Төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улс өмнө нь 2008 онд Говь-Алтай аймгийн “Тайшир гуулин” усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахдаа Завхан голын усыг хуримтлуулж, 20 орчим км урт, 10 гаруй км өргөн хиймэл нуур бий болгон “Гэгээн нуур” гэж нэрлэж байжээ.
“Гэгээн нуур”-ыг 2018 онд “Гэгээн” нэрээр олон улсын сансрын зургийн хайлтын системд бүртгүүлсэн байна.
