НүүрСпортЭМГЭНЭЛ: Монгол Улсын харцага Жанчивравдангийн Намжилдорж

ЭМГЭНЭЛ: Монгол Улсын харцага Жанчивравдангийн Намжилдорж

Монгол Улсын харцага Жанчивравдангийн Намжилдорж 2026 оны есдүгээр сарын 13-ны өдөр таалал төгсөж, үндэсний бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрбээр хүч бяр, уран барилдаанаас гадна төлөв даруу зан, хүнлэг чанараараа бөх сонирхогчдын хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв.

Ж.Намжилдорж 1971 оны долоодугаар сарын 13-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн бөгөөд Баянцагаан сумын уугуул, гахай жилтэй. Түүний аав Жанчивравдан аймгийн хурц арслан, өвөг эцэг Гомбосүрэн даншгийн заан цолтой байсан нь түүнийг удам дамжсан бөхийн гэр бүлээс гаралтайг илтгэнэ.

Тэрбээр 1993 оны улсын баяр наадамд улсын заан Ж.Ганболдоор зургаа давж, дунд шөвөгт шалгаран “Өсөх идэр начин” чимэг хүртсэн юм. Улмаар 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын харцага цолыг нөхөн олгожээ.

Ж.Намжилдорж зөвхөн үндэсний бөхийн дэвжээнд бус, чөлөөт бөхийн спортод ч амжилттай хүч сорьсон тамирчин байлаа. Тэрбээр дотоод, олон улсын тэмцээнээс 30 гаруй медаль хүртэж, Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан байна.

Ид барилдаж байх үедээ 190 см өндөр, 130 орчим кг жинтэй байсан бөгөөд хав барьцнаас ачих, баруун тахимдаж хөөх, хутгах, шуудагнаас өргөж хавирах, хөл авах зэрэг мэхийг чадварлаг гүйцэтгэдэг байжээ. Түүний барилдааны хэв маяг хүч, мэдрэмж, мэхний сонголтыг хослуулснаараа онцлог байсан юм.

Тэрбээр спортын замналаас гадна боловсролын салбарт мэргэжил эзэмшсэн нэгэн байв. Биеийн тамирын “Шонхор” дээд сургуулийг төгсөж, багш, дасгалжуулагчийн мэргэжилтэй болсон байна.

Ж.Намжилдорж 1993 онд зохион байгуулагдсан Монголын сайхан залуу шалгаруулах “Юндэн гөөгөө” анхдугаар тэмцээнд түрүүлж байсан түүхтэй. Энэ амжилт нь түүнийг бөхийн дэвжээнээс гадна монгол эр хүний жавхаа, төрхийг илэрхийлсэн нэгэн байсныг мөн тодотгодог.

Түүний төлөв төвшин, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, үндэсний бөхийн дэвжээнд бүтээсэн замнал нь бөхийн хорхойтнууд, хамт олон, ойр дотнын хүмүүсийн дурсамжид хадгалагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд